Улаанбаатар хот орчимд лууль, шарилж төрлийн ургамал энэ сарын 8-15-ны өдрүүдэд цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байгаа тул ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүс түүнээс урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ жилийн бодит цаг агаарын болон цаашдын цаг уурын урьдчилан мэдээнд тулгуурлан лууль, шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг олон хүн суурьшсан бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймгуудын төвүүдээр гарган ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Лууль, шарилжийн төрлийн (хөл газрын) ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг тоймлон бичвэл:
Ургамлын цэцгийн тоос гэж юу вэ?
Цэцэгт ургамлын тоосовчийн бөөгнөрлийг ургамлын тоос буюу эр бэлгийн эс гэнэ. Тоос хүртээгч шавжийг өөртөө татахын тулд цэцэгт ургамал олон жилийн хувьслын явцад маш амтлаг, тэжээллэг тоосыг гаргадаг. Ургамлын тоос, тоосонцрын харшил нь дэлхий даяар олон сая хүмүүст нөлөөлдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхий дээр 400 сая хүн харшлын ринит (Хамрын ханын салст үрэвсэх), 300 сая хүн Гуурсан хоолойн багтраа буюу астма өвчнөөр шаналж байна (Pawankar, R., 2014). Шарилжийн цэцгийн тоос нь агаарт хэдэн мянган миль зайд тээвэрлэгдэх боломжтой бөгөөд шарилж лууль ургадаггүй газарт хүртэл шинж тэмдэг үүсгэх боломжтой байдаг. Европт шарилжийн цэцгийн тоос 2050 он гэхэд дөрөв дахин өсөх магадлалтай байна (Chen K-W et al. Int Arch Allergy Immunol 2018).
Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар нийт ургамлын тоосны 34,4%-ийг Аrtemisia буюу шарилж, 15%-ийг Роасеае буюу үетэн, 14%-ийг Chenороdium буюу лууль, 11%-ийг Рinus буюу нарс, 9,6%-ийг Рорulus буюу улиас, 7,5%-ийг Веtulа буюу хус, 2,3%-ийг Larix буюу хар мод, 0,1-1,0%-ийг Rаnunсulасeае, Роlygonасеае, Ulmасеае, Рараvегасеае, Саrуорhуlасеае, Fаbасеае, Legyminaсеае эзэлж байна
Цаг агаарын нөхцөл байдал нь ургамлын цэцгийн тоос, түүний тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Монгол оронд харшил үүсгэгч агаар дахь ургамлын цэцгийн тоосны дэгдэж эхлэх, хамгийн их утгадаа хүрэх хугацааг урьдчилан мэдээлэх, тархалтыг зураглах нь ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалахад нэн чухал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!