Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Туулын хурдны замыг барихаар Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжийн 15 нэгж талбарын газрыг чөлөөлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын хэмжээнд орон сууц, авто зам, сургууль, цэцэрлэг, зогсоол зэргийг барихад 3,157 нэгж талбар өртжээ. Эдгээр газрыг чөлөөлөх ажлын явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулав.

Түүний мэдээлснээр Сэлбэ, Ханын материал, Шархад дэд төв зэрэг гэр хорооллыг орон сууцжуулах ажил, авто зам, замын байгууламжийн ажил, инженерийн шугам сүлжээний ажил, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажилд газар чөлөөлөлт үргэлжилж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар эдгээр ажилд нийт 3,157 нэгж талбарт газар чөлөөлжээ. Тухайлбал Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 2,206 нөлөөлөлд өртсөн нэгж талбараас 2,020 нэгж талбар, Ханын материал орон сууцны төслийн хүрээнд 232 нэгж талбар нөлөөлөлд өртсөнөөс 216 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.

Харин авто замын 25 ажилд 872 нэгж талбар газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөнөөс 497, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлуудын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөлөлд өртсөнөөс 273, Туулын хурдны замын ажилд 132 нэгж талбарт 134.3 га талбайд газар чөлөөлөхөөс эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт 15 нэгж талбарыг чөлөөлжээ.

Туул гол дагуух хурдны зам нь зургаан эгнээтэй, долоон байршилд хоёр түвшний огтлолцол, дөрвөн байршилд туннельтэй байх бөгөөд 2028 оны наймдугаар сард ашиглалтад оруулж замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Тус замыг барихад нийслэлийн дөрвөн дүүрэгт 132 нэгж талбар өртжээ.