Япон улсын Кюүшү бүсийн Кагошима, Күмамото, Сага муж, Хокүрики бүсийн Ишикава, Тояма, Фүкүй муж, мөн маргаашаас Нийгата муж орчимд оршин суугч монгол иргэд аадар борооны аюулаас болгоомжлохыг тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас сэрэмжлүүллээ.
Японы Цаг уурын агентлагаас гаргасан мэдээллийн дагуу Кюүшү бүсийн нутаг дэвсгэрт "Ширүүн аадар бороо"-ны улмаас айл өрхийн байшин нурах, иргэд амиа алдах харамсалтай явдал хэдийнээ гараад байна.
Цаг уурын агентлагаас иргэдэд хандан орчны нөхцөл байдалд анхаарч, амь насаа аврах арга хэмжээг нэн даруй авахыг уриалж байгаа бөгөөд хот дүүргээс тусгайлан заасан нүүн шилжих газар руу очиход аюултай бол ойролцоо орших бат бөх байшин руу нүүн шилжих, аль эсвэл гадагшаа гаралгүйгээр амьдарч буй байрныхаа хоёр давхрын (хад цохио, уулын налуу, жалга хавцлын эсрэг тал) өрөөнд нүүн шилжих арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг өгч байна.
Ялангуяа хөрсний нуралт болох эрсдэл өндөртэй хад цохио, гол мөрний ойролцоо, хэвгий, нам дор газарт амьдардаг иргэд болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ бороо ширүүсэж эхлээгүй байхад амжих хугацаа байвал ийм газраас дүрвэж, хол орших бат бөх барилга болон түр байрууд руу нүүн шилжих нь зүйтэйг дахин анхааруулж байна.
Түүнчлэн Японы өөрийгөө хамгаалах хүчний байгууллагаас дээрх нөхцөл байдлын улмаас орон нутагт нэмэлт хүч шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдэв.
Эх сурвалж: Япон улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!