Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Тээврийн цагдаагийнхан ажлаа хий

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчил их байхад цагдаа нар ажлаа хийхгүй байна гэх асуудал яригджээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Хотоор дүүрэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, зогсдоггүй газар зогсож байхад хэн ч, юу ч хийхгүй байна. Авто замын нэгдүгээр эгнээгээр дүүрэн автомашин хөдөлгөөнийг хаагаад зогсож байна. 

ЗХУТ-д өчнөөн хөрөнгө оруулалт хийж, камерын нэгдсэн системийг бий болгосон. Цагдаагийн байгууллага энэхүү системийг өдөр тутам цаг, минут, секундээр харж, зөрчлүүдийг харж болно. Тээврийн цагдаагийнхан ажлаа хий.

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд байх үеэсээ цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж, парк шинэчлэлийг сүүлийн дөрвөн жил хийж байгаа.

Та нар хуралд орж ирэхээрээ "Машин, тоног төхөөрөмж шинэчил, камер авч өг" гэдэг. Бүгдийг шийдсэн. "Нэгж байгуул" гэсэн байгуулж өгсөн. Одоо ажлаа хийцгээ.

Нэг километр замыг шугам сүлжээтэй нь 3-4 тэрбум төгрөгөөр өргөтгөж байгаа. Гэтэл өргөтгөсөн эгнээн дээр төлбөртэй зогсоолд автомашинаа тавихгүй гэсэн нөхөд тээврийн хэрэгслээ байршуулдаг. Хоёрхон эгнээ авто замын нэг эгнээг автомашины зогсоол болгочихсон.

Тухайлбал хотын төвд Тедигийн зам хамгийн оргил түгжрэлтэй. Уг замын хоёр урсгалын нэгийг автомашины зогсоол болгодог.

Цаашлаад Халдвартын эмнэлгийн хоёр урсгалтай нарийхан замын нэг эгнээг, Хангарьд ордны ард талын хоёр урсгалтай туслах замын нэг эгнээг хаагаад автомашин тавьчихна, хойд талд нэг жилжин кран зоочихно" хэмээв.