Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд баригдаж эхлээд буй. Ингэснээр арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс нүүлгэнэ гэж албаны хүмүүс мэдээлээд байгаа билээ.
Төслийн хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендер зарлагдаж, "Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China Western Power Industrial Co., Ltd) нарын түншлэл EPC+F тендерийн гүйцэтгэгчээр шалгарчээ. Ингэснээр НЗД-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус компаниудтай гэрээний хэлэлцээр хийх юм байна.
Эко паркийн дэд бүтцийн эхний бүтээн байгуулалтуудын нэг болох Бизнес инкубатор, сургалт-үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилга ашиглалтад орсон бол БНСУ-ын Засгийн газрын тусламжтайгаар “Smart Energy Platform Group”-тэй хамтран 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа аж.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!