Өмнөд Солонгосын армийн бие бүрэлдэхүүний хэмжээ сүүлийн зургаан жилийн хугацаанд 20 орчим хувиар буурч, 450,000 хүрсэн тухай тус улсын батлан хамгаалах яамнаас Ням гарагт гаргасан тайланд мэдээлжээ.
Эрх баригчид үүний гол шалтгааныг хүн амын дунд хүүхдийн төрөлт буурсантай холбон тайлбарласан байна.
Одоогоор Өмнөд Солонгосын нэг эмэгтэйд 0.75 хүүхэд ногдож байгаа нь дэлхийд сүүл мушгих үзүүлэлт юм.
Тус улс цөмийн зэвсэгтэй Умард Солонгостой дайны байдалд оршдог тул цэргийн алба заавал хаах үүргийг хуульчилсан байдаг.
1.3 сая идэвхтэй бие бүрэлдэхүүнтэй Умард Солонгосын армийн дайралтыг эсэргүүцэхийн тулд Өмнөд Солонгос доод тал нь 500,000 цэрэгтэй байх ёстой гэж судлаачид үздэг юм.
Өмнөд Солонгосын армийн дивизийн тоо 2006 онд 59 байснаа өнөөдөр 42 болж буурсныг нэг хэсэг нь татан буугдсан, зарим нь өөр хоорондоо нэгдсэнтэй холбоотойг дээрх тайланд тайлбарлажээ.
Бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор Сөүлийн эрх баригчид сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа өсгөж байгаа.
2025 оны батлан хамгаалах төсөв 60 их наяд вон ($43 тэрбум) хүрсэн нь Умард Солонгосын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг давж байна.
Өмнөд Солонгосын эрүүл мэндийн шаардлага хангасан бүх эрчүүд 18 сарын хугацаатай цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.
Гэхдээ энэ нь залуусын ажил хөдөлмөр, боловсролын замналыг тасалдуулдаг тул багагүй шүүмжлэл дагуулдаг юм.
Зарим хуучинсаг үзэлтнүүд хүн ам зүйн хямрал нүүрлэсэн энэ үед эмэгтэйчүүдийг цэрэгт татах ёстой гэж үздэг.
Тус улсад 2018 онд нэг эмэгтэйд 0.98 хүүхэд, 2020 онд 0.84 хүүхэд, 2023 онд 0.72 хүүхэд, 2024 онд 0.75 хүүхэд ногдож байсан нь дэлхийн улс орнуудын хамгийн сүүлд жагсах үзүүлэлт юм.
Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Өмнөд Солонгосын өнөөдрийн 50 сая гаруй хүн ам 60 жилийн дотор хоёр дахин буурахыг мэргэжилтнүүд тооцоолсон байдаг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!