Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дайнд оролцогч талуудын аль аль нь газар нутгаа өгөх шаардлагатайг Трамп анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ Киев, Москвагийн аль аль нь дайныг зогсоохын тулд газар нутгаа өгөх шаардлагатайг анхааруулжээ.

Тэр бас энэ долоо хоногийн сүүлээр Аляска мужид болох уулзалт Кремлийн удирдагч үнэхээр энхийн гэрээ байгуулах хүсэлтэй эсэхийг харуулна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Трамп сүүлийн үед АНУ-аас Украинд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрч, Оросын худалдааны түншүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар сүрдүүлэх зэргээр Москвагийн эрх баригчдад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж байгаа.

Гэхдээ Аляскын уулзалтаар Оросын талд ашигтай тохиролцоо хийж магадгүй гэсэн болгоомжлол Киев болон Европын удирдагчдын хүрээнд байсаар байна.

Өчигдөр Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Атлантын далайг дамнасан эв нэгдлийг хангах, Украиныг дэмжих, Орост шахалт үзүүлэх” нь дайныг зогсоож, Европыг ирээдүйн түрэмгийллээс хамгаалахад чухал ач холбогдолтойг мэдэгджээ.

Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер өчигдөр Канадын ерөнхий сайд Марк Карнитай утсаар ярихдаа энхийн гэрээг Украинд тулгах биш, Украинтай байгуулах ёстой гэсэн байр суурин дээр хоёр улс нэгдэж байгааг илэрхийлсэн байна.

Даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп “Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм уулзалт. Ахиц дэвшил гарах боломжтой эсэх нь эхний хоёр минутад л мэдэгдэх байх” гэж хэлжээ.

“Би түүнд ‘чи энэ дайныг дуусгах ёстой’ гэж хэлэх болно. Би хандлагыг мэдрэхээр явах гэж байна. Би ‘Амжилт хүсье’ гэж хэлээд уулзалтыг орхиж ч магадгүй. Тэгвэл энэ төгсгөл байх болно. Тэгвэл би ‘Энэ асуудал ингэж шийдэгдэхгүй’ гэж түүнд хэлнэ” гэж Трамп ярьсан байна.

Тэр бас дараагийн уулзалтад Украины ерөнхийлөгч Зеленский оролцох боломжтой, Путинтэй уулзсаныхаа дараа Европын удирдагчидтай ярих төлөвлөгөөтэй байгаа зэргийг хэлжээ.

“Газар нутаг солилцох асуудал яригдана. Орос улс маш чухал газар нутгийг эзэлсэн хэдий ч бид зарим хэсгийг нь буцааж авахыг хичээх болно” гэж Трамп ярьсан байна.

Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ямар ч буулт Оросын түрэмгийллийг зогсоож чадахгүй, зөвхөн хатуу дарамт шахалт л ингэж чадахыг анхааруулжээ.

“Оросууд аллагаа зогсоохыг хүсэхгүй байгаа тул ямар ч ашигтай байдал, давуу тал олж авах ёсгүй. Бууж өгөх нь алуурчныг зогсоодоггүй юм” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

Зеленский өчигдөр Трамп, Путин нарын уулзалтаас өмнө олон улсын дэмжлэг авах зорилгоор Энэтхэг, Саудын Арабын удирдагчидтай утсаар ярьжээ.

Путин ч бас сүүлийн өдрүүдэд АНУ-ын засаг захиргаатай яриа хэлэлцээ хэрхэн өрнөж байгаа талаар Хятад, Энэтхэг, Бразил, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан гурван улсын удирдагчдад утсаар мэдээлэл өгсөн юм.

Германы эрх баригчид маргааш буюу Лхагва гарагт Европын удирдагчдыг оролцуулсан видео хурал зохион байгуулахаар болжээ.

Уг уулзалтын зорилго нь Трампыг Путинтэй уулзахаас өмнө Орост хэрхэн шахалт үзүүлэх арга замыг хэлэлцэх гэнэ.

Үүнд Зеленский болон НАТО-гийн албаныхан оролцох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters