Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны төсвийн төслийн талаар тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан мэдээлэл өгөв.
Тэрбээр "Төсвийн хуулийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны төсвийн дээд хязгаарыг 231.2 тэрбум төгрөгөөр, үйл ажиллагааны урсгал зардлыг 198.2 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийг 33 тэрбум төгрөг байхаар оноосон. Энэ хүрээнд төсвийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн.
Жил бүрийн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаараа Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан байдаг. Гэвч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны төсвийн төсөл дотоодын нийт бүтээгдэхүүний 0.22 хувьтай тэнцэж байна. Энэ зардал нь 2025 оны төсвөөс 77.4 тэрбум төгрөгөөр буурсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2026 онд 6 хөтөлбөрийн хүрээнд 87 байгууллагын 2,915 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.
2026 онд үйл ажиллагааны зардалд хуваарилсан 198.2 тэрбум төгрөгөөр дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Тухайлбал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын харьяа 87 байгууллагын урсгал зардалд 120.1 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд:
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 111 ажилтны үйл ажиллагааны зардалд 7 тэрбум төгрөг
- Улсын тусгай хамгаалалттай газрын 35 хамгаалалтын захиргааны 771 байгаль хамгаалагч болон ажилтнуудын үйл ажиллагааны зардалд 30.1 тэрбум төгрөг
- Цаг уур, орчны шинжилгээний газар болон харьяа 26 байгууллагын 1,722 ажилтны үйл ажиллагааны зардалд 69.7 тэрбум төгрөг
- Усны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон 21 гол мөрний сав газрын захиргааны 253 ажилтны үйл ажиллагааны зардалд 10.3 тэрбум төгрөг
- Ойн газрын 35 орон тоо, үйл ажиллагааны зардалд 2 тэрбум төгрөг
- Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн 23 ажилтны үйл ажиллагааны зардалд 869 сая төгрөг зарцуулна.
Харин төсвийн 6 хөтөлбөрийн зардалд 78 тэрбум зарцуулна. Үүнд:
- Ойжуулалт хөтөлбөрийн зардал 67 тэрбум төгрөг
- Газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх хөтөлбөрийн зардалд 1.3 тэрбум төгрөг
- Усны нөөц, нуур, гол мөрний менежментийн хөтөлбөрийн зардалд 2.3 тэрбум төгрөг
- Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт хөтөлбөрийн зардалд 0.8 сая төгрөг
- Хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээний хөтөлбөрийн зардалд 2.2 тэрбум төгрөг
- Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт 5 тэрбум төгрөг зарцуулна" хэмээн мэдээлэл өгөв.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!