Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбаатар: “Петрочайна дачин тамсаг"-ийн толгой компани хөрөнгө оруулалтаа Орос руу шилжүүлж байгаа юм байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл Дорнод аймагт хэрэгжиж байгаа. Гэвч үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдийн хангамжийн дутагдалд орох эрсдэл үүсжээ. 

Тус үйлдвэрийг түүхийг эдээр хангахын тулд "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь газрын тосны "Давст XXXI" талбайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай урилгыг олон улсын 40 гаруй компанид хүргүүлсэн боловч санал аваагүй байгаа аж.

Иймд "Давст XXXI" талбайд хөрөнгө оруулж, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах компанид аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх үүднээс тус хуулийн төслийг өргөн барьжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “Петрочайна дачин тамсаг ХХК-ийн олборлож буй түүхий нефть 1.2 сая тонн байснаа 600 мянга руу буурч байгаагийн үндсэн шалтгаан юу вэ.  

Дорнод аймагт олборлож буй газрын тосны талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөх ёстой. Бүгдийг нь урагшаа зөөгөөд дуусаж байгаа юм шиг ойлголт орон нутгийн иргэдэд байна" хэмээн асуув. 

Түүний асуултад Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Петрочайна дачин тамсаг ХХК-ийн олборлож буй нефть энэ жил 400 мянган тонн руу буух төлөвтэй байна.

Тус компанийн толгой байгууллага нь Хятадын хамгийн том улсын компани болох "CNPC" юм. Энэ компани хөрөнгө оруулалтаа эрс татаж байна. 

Газрын тосыг олборлохын тулд хажуу талд нь ахиад цооног өрөмдөж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тийшээ хийснээр газрын тос дээшээ гардаг. Яагаад хөрөнгөө татаж байгаа вэ гэвэл манай улс “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйлдвэрт үзүүлж буй дэмжлэг дутагдалтай. 

Орон нутаг, төрийн бус байгууллагын эсэргүүцэл, үйлдвэрийн даргыг нь хилээр гарахыг хориглох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дансыг нь хаах гэх мэт асуудал байна. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн толгой компани хөрөнгө оруулалтаа Орос руу шилжүүлж байгаа юм байна. Гол шалтгаан нь энэ" гэв. 

Үргэлжлүүлэн хуулийн төсөлтэй холбогдуулан "Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд манай улс 15 талбайг 2018 оноос хойш хайгуулын чиглэлээр олон улсад тендер зарласан. Үүнийг сонирхож буй компани байхгүй. Газрын тосны үйлдвэрийг Энэтхэгийн компани байгуулах санал тавьсан. 

Газрын тосны үйлдвэр Энэтхэгийн компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийж, Засгийн газраар батлуулаад үзье гэж байгаа. Газрын тосны үйлдвэрийн нөөцийг орон нутгийн иргэдэд ойлгуулахаар ажиллаад л байна" хэмээн ярив.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1140663867131713