Уншиж байна ...

Мессийг харж чадаагүйдээ бухимдсан Энэтхэгийн хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хөлбөмбөгийн од Лионел Месси одоо Энэтхэгийн хотуудаар тойрон аялж, цуврал арга хэмжээнүүдэд оролцож байгаа юм.

Түүний аялал Колката хотод өөрийн 21 метр өндөр хөшөө нээхээс эхэлжээ. Дараа нь Месси өчигдөр тус хотын Солт Лэйк цэнгэлдэх хүрээлэнд хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж, богино хэмжээний үзүүлбэр сонирхуулах байсан юм.

Гэвч талбайд гарч ирсэн домогт хөлбөмбөгчнийг албан тушаалтнууд, олны танил хүмүүс битүү тойрон хүрээлж, суудалд байгаа жирийн хүмүүст харагдаагүй байна.

Улмаар ердөө 20 минутын дараа Мессийг хамгаалагчид цэнгэлдэх хүрээлэнгээс авч явжээ.

Үүнд сэтгэл дундуур үлдсэн үзэгчид суудлаа эвдэж, талбай руу эд зүйлс чулуудан үймээн дэгдээсэн байна.

Хөгжөөн дэмжигчдийн тасалбарын үнэ 12,000 рупи ($133) байжээ.

Аргентины шигшээ баг, Интер Милан клубийн довтлогчийг нүдээр харахын тулд ийм хэмжээний мөнгө төлсөн нь ихэнх энэтхэгчүүдийн хувьд нэлээд өндөр зардал юм.

Баруун Бенгал мужийн ерөнхий сайд Мамата Банержи болсон үйл явдалд “маш их санаа зовж, цочирдсон” тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхээ амлаж, Месси болон түүний хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйсан байна.

Мессигийн хэвлэлийн төлөөлөгч өөрсдийгөө урьдчилан тохиролцсон төлөвлөгөөний дагуу үүргээ гүйцэтгэснийг мэдэгджээ.

Орон нутгийн цагдаагийн алба арга хэмжээний гол зохион байгуулагчийг баривчилсан бол эрх баригчид хүмүүст тасалбарын мөнгийг буцааж төлүүлэх боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.

Бүх Энэтхэгийн Хөлбөмбөгийн Холбоо хувь хүмүүсийн зохион байгуулсан уг арга хэмжээ өөрт нь хамаагүй, оролцоогүйгээ мэдэгджээ.

Интер Майами клубийн хамтрагч, Уругвайн од Луйз Суарес, Аргентины багийн хамтрагч Родриго де Паул нартай аялж яваа Месси дараа нь Хайдерабад, Мумбай, Дели зэрэг хотуудад болох арга хэмжээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байна.

Колката бол крикетийн орон гэгддэг Энэтхэг улсад хамгийн олон хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй Баруун Бенгал мужийн төв юм.

Бямба гарагийн өглөө эрт Мессигийн буусан зочид буудал орчмын зам дагуу олон мянган хүн цугларсан байлаа.

Тэдний зарим нь олон зуу, мянган километрийн холоос бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэгийг нүдээр харахаар зорьж ирсэн байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: BBC