Уншиж байна ...

АНУ хоригоо цуцалсны хариуд Беларусийн эрх баригчид 123 хоригдлыг шоронгоосоо суллав

Т.Давааням, ikon.mn
2 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улсынх нь гол экспортын бүтээгдэхүүн болох калийн хүчилд тавьсан хоригоо АНУ-ын засаг захиргаа цуцалсны хариуд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко улс төрийн 123 хоригдлыг шоронгоос суллажээ.

Тэдний дотор Нобелийн энх тайвны шагналтай хүний эрхийн төлөө тэмцэгч Алесь Беляцкий, сөрөг хүчний удирдагчдын нэг Мария Колесникова нарын хүмүүс байсан байна.

Үүнээс хоёр хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Трампын тусгай элч Минск хотод айлчилж, Беларусийн эрх баригчидтай уулзсан юм.

Бямба гарагт улс төрийн хоригдлуудыг сулласан үйл явдал нь Өрнөдийн орнуудтай харилцаагаа сайжруулахыг хичээж буй Лукашенкогийн дэглэмийн авсан хамгийн том арга хэмжээ байлаа.

Ажиглагчид үүнийг Лукашенкогийн дэглэмийг ОХУ-ын ерөнхийлөгч Путиний нөлөөнөөс гаргах АНУ-ын засаг захиргааны ээлжит оролдлого гэж үзэж байна.

2022 оны Нобелийн энх тайвны шагналыг хамтран зүтгэгчдийнхээ хамт хүртэж байсан Беляцкий 2021 оны долдугаар сард шоронд орох хүртлээ улс төрийн хоригдлуудыг суллуулахын төлөө тэмцэж байсан юм.

Колесникова нь 2020 онд Лукашенкогийн эсрэг иргэдийн жагсаалыг удирдсан гурван эмэгтэйн нэг. Өчигдөр бас 2020 оны сонгуулиар Лукашенкотой өрсөлдөх гэж байгаад баривчлагдсан Виктор Бабарика суллагджээ.

зураг
 

Суллагдсан хүмүүсийн эрүүл мэнд хоригдож байх хугацаанд нэлээд муудсан гэлцэж байна.

Тэдний төрөл төрөгсөд өчигдөр Литва улсын нийслэл Вильнюс хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа цугларсан байв.

Суллагдсан хүмүүсийн зарим нь Беларусиас явах төлөвтэй байна.

Украины эрх баригчид Украин, Беларусийн иргэдийг оролцуулаад нийт 114 хүнийг нутаг дэвсгэртээ хүлээж авсныг мэдээлжээ.

2020 оны маргаантай сонгуулийн дараа үйлдсэн хүчирхийллийн улмаас Беларусийн эсрэг хориг арга хэмжээг АНУ болон Европын Холбоо авч байсан юм.

2022 онд Оросын цэрэг Украинд халдан довтлоход нутаг дэвсгэрээ ашиглуулсан Беларусийн эрх баригчид дахин олон тооны хориг арга хэмжээгээр шийтгүүлж байв.

Беларусийн сөрөг хүчнийхэн АНУ-ын засаг захиргааны хүчин чармайлтад талархаж байгаагаа илэрхийлсэн ч Европын Холбоонд хоригоо хэвээр үлдээхийг уриалжээ.

Гадаадад дүрвэсэн сөрөг хүчний удирдагч Святлана Цихановская үүнийг “ардчилсан шилжилтийг хангах, хариуцлага тооцоход чухал ач холбогдолтой” гэж мэдэгдсэн байна.

Лукашенко нь тус улсад улс төрийн хоригдол байгааг няцааж, тэднийг “дээрэмчид”, “төрийн эсрэг босогчид” гэж нэрлэж байв.

Беларусьт үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон Вясна хүний эрхийн байгууллагын тооцоолсноор одоо тус улсын шоронгуудад 1,227 улс төрийн хоригдол байгаа гэнэ.

Трампын тусгай элч Жон Коул тохиролцооны хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй яриа хэлэлцээ хийхэд Лукашенкогийн тус дэмжлэгийг авахаар болсныг мэдэгдсэн юм.

“Танай ерөнхийлөгч бол Путинтэй урт удаан харилцааны түүхтэй, түүнд зөвлөх чадвартай хүн. Өнөөдрийн нөхцөлд энэ нь маш их хэрэгтэй. Тэд ийм асуудлыг хэлэлцэхэд шаардлагатай түвшний харилцаатай хүмүүс” гэж Беларусийн сэтгүүлчидтэй уулзахдаа Коул хэлжээ.

 

Эх сурвалж: BBC