Баасан гарагт Пёнян хотод ОХУ-д үүрэг гүйцэтгээд буцаж ирсэн цэргүүдийг угтах томоохон арга хэмжээ болсон тухай Умард Солонгосын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Тэд ОХУ-ын Курск мужийг газрын минанаас цэвэрлэх ажил гүйцэтгэсэн инженерийн ангийн цэргүүд юм байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ үеэр хэлсэн үгэндээ тус улс ийм зорилгоор цэргээ ОХУ-д илгээснийг анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Наймдугаар сард эхэлсэн 120 хоногийн ажиллагааны үеэр Умард Солонгосын есөн цэрэг амиа алдсаныг Ким Жон Ун дурдаж, тэдний баатарлаг гавьяаг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.
“Та бүхэн, цэрэг, офицерууд бараг өдөр бүр оюун санаа. бие махбодын төсөөлшгүй ачааллыг даван туулж, баатарлаг үйлсийг харууллаа. Та бүхэн гурван сар хүрэхгүй хугацаанд асар том аюултай бүсийг аюулгүй болгон хувиргах гайхамшгийг бүтээж чадсан юм” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Тэр бас “хайрт хөвгүүдээ нэг ч хором марталгүй 120 хоног хүлээх ямар их зовлон шаналал” байсныг илэрхийлсэн байна.
Ким Жон Ун энэ үеэр цэргүүдийг дотноор тэвэрч байв. Тэдний дунд шархадсан, хөл гаргүй болсон цэргүүд байсан юм.
Ким бас амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхнийг тайтгаруулж, тэдний хөргийн өмнө өвдөг сөхрөн хүндэтгэл үзүүлж, одон медаль гардуулж, цэцэг өргөж байгааг Умард Солонгосын төв хэвлэл харуулжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!