Бямба гарагт Сирид алба хааж байсан АНУ-ын хоёр цэрэг, нэг орчуулагч Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн гишүүний гарт алагджээ.
Отолт хэлбэрийн уг халдлагын үеэр өөр гурван цэргийн алба хаагч шархадсаныг АНУ-ын зэвсэгт хүчний төв командлал мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудсандаа үүнийг АНУ болон Сирийн эсрэг Исламын Улс бүлэглэлийн үйлдсэн халдлага гэж нэрлээд “маш нухацтай хариу арга хэмжээ” авахаа амлажээ.
Амиа алдсан хүмүүсийн нэрсийг тэдний төрөл төрөгсдийг мэдэх хүртэл 24 цагийн хугацаанд нууцлах ёстойг төв командлал мэдэгдсэн байна.
Халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн нэг гишүүн ганцаар үйлдсэн гэж үзэж байгаа ажээ.
Харин Их Британид төвтэй Сирийн Хүний Эрхийн Ажиглалт байгууллага халдлага үйлдсэн этгээдийг Сирийн аюулаас хамгаалах хүчний алба хаагч байсан тухай мэдээлсэн байна.
Пентагоны албаны эх сурвалж халдлага Сирийн төв хэсгийн Палмира хотод, тус улсын ерөнхийлөгчийн хяналтад байдаггүй хэсэгт гарсныг баталжээ.
АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт “Хэрвээ та Америкчуудыг онилбол дараа нь дэлхийн хаана ч байсан АНУ таныг ангуучилж, олж, хэрцгийгээр ална гэдгийг мэдэж, богинохон, түгшүүртэй амьдралаар үлдсэн хугацаагаа өнгөрөөх болно” хэмээн анхааруулсан байна.
Нэг жил орчмын өмнө Ассадын дэглэмийг түлхэн унагаж, Сирийн засгийн эрхийг авсан ерөнхийлөгч Ахмед аль-Шараа өнгөрсөн сард Цагаан ордонд ерөнхийлөгч Трамптай уулзахдаа Исламын Улс бүлэглэлийн эсрэг тэмцэх олон улсын эвсэлд нэгдэхээ амлаж байв.
Уг эвсэл нь өөрийгөө “Исламын Улс” гэж нэрлэсэн террорист байгууллагын үлдэгдэл элементүүдийг устгаж, тус бүлэглэлд нэгдэхээр Ойрх Дорнодод ирэх гадаадын иргэдийн урсгалыг зогсоох зорилготой юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!