Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан АНУ-ын нэг их сургуулийн төгсөгчдөд тус бүр $1,000 тараажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ даяар одоо их сургуулиудын төгсөлтийн баяр үргэлжилж байна.

Пүрэв гарагт Массачусетсын Дартмутын Их сургуулийн төгсөлтийн баярт оролцсон Granite Telecommunications компанийн гүйцэтгэх захирал Роберт Хэйл Жр төгсөгчдөд бэлэн мөнгө тараасан нь ховор үйл явдал болжээ.

Тэрбээр тус сургуулийн 1,200 төгсөгчид тус бүр $1,000 тараасан байна.

“Өнөөгийн хүнд хэцүү цаг үе бусадтайгаа хуваалцах, бусдыг халамжлах, бусдад өгөх хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. Манай нийгэмд та нар болон та нарын өгөөмөр сэтгэл урьд урьдынхаас илүү хэрэгтэй байна” гэж Хэйл хэлээд бэлгээ задалжээ.

Тэрбээр ингэхдээ төгсөгч бүрд “бэлэг”, “өглөг” гэсэн бичигтэй хоёр дугтуй тараасан байна.

“Эхний дугтуйтай $500 бол миний та нарт өгөх бэлэг юм. Хоёр дахь $500-тай дугтуйг та нар хэрэгтэй байгаа хүнд нь өгөх, эсвэл зөв зарцуулж чадах байгууллагад хандивлах ёстой” гэж тэр тайлбарлажээ.

Хэйл нийтдээ $1.2 саяыг ийм байдлаар тараасан байна.

Энэ жилийн их сургууль, коллежуудын төгсөлтийн баярын уур амьсгалыг Газын зурваст өрнөж буй Хамас-Израилийн дайн нэлээд өөрчлөөд байгаа.

АНУ-ын олон их сургууль, коллежийн байранд Палестиныг дэмжигч оюутнуудын тэмцэл үргэлжилж, зарим тохиолдолд мөргөлдөөнд хүргэж байна.

Колумбын их сургууль зэрэг өөр хэд хэдэн сургууль энэ жил аюулгүй байдлыг хангах үүднээс төгсөлтийн баяраа цуцалсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Дюк Их сургуулийн төгсөлтийн баярт комедиан Жерри Сэйнфелд үг хэлэх үеэр оюутнууд үйл ажиллагааг орхин гарч, эсэргүүцэл үзүүлж байв. Газын зурваст явуулж буй Израилийн эрх баригчдын үйл ажиллагааг Сэйнфелд дэмждэг нь үүнд нөлөөлжээ.

 

Эх сурвалж: Business Insider