Г.Эрдэнэсүрэн: Хайлааст, Дарь-Эхийг Сэлбэ дэд төвтэй холбох 960 метр замыг долоодугаар сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хайлаастыг Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр шинэ авто замыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ тухай авто зам барих ажлыг гүйцэтгэж байгаа "Грэйт роуд" компанийн инженер Г.Эрдэнэсүрэн "Хайлааст, Дарь-Эхийн авто замыг Сэлбэ дэд төвтэй холбох 960 метр урт, 7 метрийн өргөнтэй хоёр эгнээ зорчих хэсэгтэй авто замыг барих ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар авто замын өнгө асфальт бетон хучилтыг тавьж байгаа бөгөөд долоодугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, далангийн хажуугийн налууг төмөр бетон хавтангаар бэхлэх ажлууд хийгдэнэ.
Энэхүү зам нь Чингэлтэйн өргөн чөлөөний авто замын ачааллыг хуваалцах юм" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
