Баруунсалааны сургууль, цэцэрлэгийн орчимд 1.3 тэрбум төгрөгөөр 420 метр авто зам барина
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Баруунсалааны Зээлийн гудамжнаас ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль болон 158 дугаар цэцэрлэг хүртэлх 420 метр авто зам барихаар болжээ.
Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ “Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн гудамжнаас ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль болон 158 дугаар цэцэрлэг хүртэлх 420 метр замыг барина. Уг зам нь долоон метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган хүний зам болон гэрэлтүүлэгтэй байх юм.
Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Дайт шагай” ХХК шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байна. Есдүгээр сарын 3-нд бүрэн дуусаж, ашиглалтад оруулна.
Энэхүү зам ашиглалтад орсноор 124 дүгээр сургууль болон 158 дугаар цэцэрлэг орчмын авто болон явган зорчигчийн аюулгүй байдал сайжирч, оршин суугчдын зорчих нөхцөл илүү тав тухтай болно” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
