"Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-наас гурав хоног хааж, засварлана"

Д.Янжиндулам, ikon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны 00:00 цагаас тавдугаар сарын 18-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас(НЗХГ) мэдээллээ.

Зуслангийн бүс буюу Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто замыг ₮4.5 тэрбумаар засварлах төсөвтэй байна.

Харин нийслэлийн гол болон туслах гудамж замуудын засвар арчлалтын ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн бөгөөд Laser crack measurement system буюу лазер хэмжигч багажны тусламжтайгаар хагарал, нүхэн эвдрэл болон авто замын тэгш байдлыг тодорхойлж байгаа гэв.

Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд Замын сангийн хөрөнгөөс ₮160.8 тэрбум, нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.

Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө нь тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрөөс бүрддэг байна.

Сануулахад өнгөрсөн онд НЗХГ нь Шинэ Зеланд улсаас нийслэлийн төсвийн 4 тэрбум төгрөгөөр авто замын эвдрэлийг хэмждэг багажийг худалдаж авч байсан юм.