Уншиж байна ...
Зураг
Зураг

Замын засварыг хэмждэг үзлэгийн машин авахад дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус III хуралдаанаар өнөөдөр 2025 оны төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг УИХ хүлээж авснаар холбогдох хуулиудыг хүчингүй болгосон. Иймээс Засгийн газраас төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан НИТХ-аар 2024 арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баталсан нийслэлийн ирэх оны төсөв батлах тогтоолыг хүчингүй болгожээ. Иймд нийслэлийн 2025 оны төсвийг оноос өмнө хэлэлцэж, батлах гэж байна.

Энэ үеэр зарим төлөөлөгч зам засвар, шинэчлэлд хэчнээн төгрөг зарцуулах талаар асууж, хариулт авсан юм.

Нийслэлийн Санхүү Хөрөнгө Оруулалтын газрын дарга Б.Энхжин: Нийслэлийн 2025 оны урсгал зардлыг 2024 оныхтой харьцуулахад 7%-ийн өсөлттэй байгаа. Энэхүү өсөлтөд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 6%-аар нэмэгдүүлэх, эрчим хүч, дулааны тарифын нэмэгдэл голлон нөлөөлсөн.

2025 онд Замын санд 265 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 106 тэрбум төгрөгийг үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд хэрэгжсэн замын ажлын эргэн төлөлтийг хийнэ. Үлдсэн хөрөнгийг замын засвар, шинэчлэл арчлалтад зарцуулахаар төлөвлөсөн.

Үлдсэн 159 тэрбум төгрөгийг юунд зарцуулах талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын засвар арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар: Ирэх оны төсөвт замын тоног төхөөрөмж, лабораторийн зардалд дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь замын засварыг хэмждэг үзлэгийн машин авах юм.

Зам засвар шинэчлэлт, арчлалтын 18 төсөл арга хэмжээнээс найм нь холбоос замууд, 10 нь засвар, шинэчлэлтийн үлдсэн гол замуудын зардал.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Өнгөрсөн жил Улаанбаатар хотын замын засвар, шинэчлэлийг бүхэлд нь хийх төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Энэхүү төлөвлөсөн ажлуудаас бүтээн байгуулалтын ажлын улиралдаа хийгдэж амжаагүй. Манай улсын замын компаниудын хүчин чадал бидний төлөвлөсөн хэмжээнд хүрэлцэхгүй байна. Тухайлбал Энхтайвны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлийг хийлгэхээр хэд хэдэн удаа тендер зарлахад компаниуд оролцоогүй. Нягтаршил, түгжрэл ихтэй замын засвар, шинэчлэлийн тендерт компаниуд оролцох сонирхолгүй байна.

Улаанбаатар хотод Туул голын хойд эргээр гэрлэн дохиогүй, 33км хурдны зам буюу экспресс барих төсвийг төсөлд тусгасан. Тендерийг зарлахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Энхтайвны өргөн чөлөөг Яармагийн өргөн чөлөөтэй холбосон босоо тэнхлэгийн, гэрлэн дохиогүй, зам, гүүрэн байгууламжуудыг барихаар төлөвлөж байгаа.

Нийслэл хотын 1, 2 дугаар тойрог экспресс замын тендерийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий төслийн менежментийн багийг сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа.

Хурдны гэж ойлгоод буй замыг хотын дотор хурдны зам гэж олон улсад нэрлэдэггүй юм билээ. Express Highway буюу гэрлэн дохиогүй, хоёр түвшний замыг хэлдэг.

Улаанбаатар хотод ирэх онд гэрлэн дохиогүй, хоёр түвшний замуудын бүтээн байгуулалт эхэлнэ.

Замын компаниудын хүчин чадал өндөр түвшинд байдаггүй бөгөөд 10 орчим асфальтын үйлдвэр, 10 гаруй асфальт дэвсэгчээс өөр боломж алга. Ирэх жил зам засвар, шинэчлэлийг ажлыг хийхдээ иргэдийг бухимдуулахгүй, богино хугацаанд гүйцэтгэнэ.