ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Виниш Ваала: Лазер мэдрэгчээр авто замын эвдрэлийг миллиметрийн түвшинд хэмжих системийг Монгол Улс худалдаж авч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Замын Хөгжлийн Газар LCMS буюу лазераар авто замын эвдрэлийг хэмжигч системийг Шинэ Зеланд улсаас худалдаж авчээ. 

Энэ тухай Шинэ Зеланд улсын "Data Collection Limited" компанийн тусламж, үйлчилгээний инженер Виниш Ваала "Манай компани авто замын эвдрэл гэмтлийг тооцоологч өндөр түвшний системийг үйлдвэрлэдэг. Тодруулбал авто зам болон явган хүний зам дээр байгаа хагарал, суулт, нүх, ан цавыг зэрэг бүх эвдрэлийг оновчтой тооцоолж, мэдээллийг хадгалж авдаг юм. Энэхүү системийг Өмнөд Америк, Энэтхэг, Тайланд, Малайз улсад ашигладаг.

Монгол Улсын хувьд өнөөдөр хоёр дахь системийг худалдаж авч байна. Уг систем нь 3D хэмжээсээр нарийн түвшинд мэдээллийг бүртгэж авах боломжтой. Тус бүрдээ 2,000 лазер бүхий хоёр мэдрэгчтэй. Ингэснээр нийт 4,000 гаруй лазер мэдрэгчээр дөрвөн метрийн өргөнтэй, нэг эгнээ замын эвдрэл гэмтлийг миллиметрийн түвшинд хэмжиж, бүртгэх юм. Антенн нь GPS-ийн мэдээллийг давхар бүртгэж авснаар мэдээллийн санд тодорхой байршилтай нь хамт замын эвдрэлийг хянана. Мөн 360 градусын камераар замын эвдрэлийг зургаар баримтжуулж авах боломжтой. 

Ашиглалтын засвар үйлчилгээг тогтмол хийх юм бол энэхүү системийг 10 гаруй жил ашиглах боломжтой" гэж танилцууллаа.

LCMS багажаар авто замын эвдрэлийг хурдан хугацаанд тогтоож, аль дүүрэгт ямар замыг засварлах төлөвлөгөөг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Ингэснээр Замын сангийн бага хөрөнгөөр урт замыг засах боломжтой болох аж.

Энэ жилээс авто замын засвар, арчлалтын төлөвлөгөөг 10-15 жилээр гаргахаар төлөвлөжээ. 

2025 оны төсөвт замын тоног төхөөрөмж, лабораторийн зардалд дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Замын засварыг хэмждэг үзлэгийн машин авах юм гэж өнгөрсөн онд мэдээлж байсан юм.