"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын 80,000 ам метр талбайд зам, зогсоол барих ажил талдаа орж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 196 орны төлөөлөл оролцох Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болсон.

СОР17 хуралд нийслэлийн төсвөөс ₮70.1 тэрбумыг зарцуулахаар баталсан бөгөөд хурлын хөх бүсийн 12 блок түр байгууламжийн түрээсийн төлбөрт ₮25.9 тэрбумыг Франц улсын “Жи Эл Эвентс”(GL Events) компанид төлөхөөр төсөвлөжээ.

Нийслэлийн зүгээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээний ажлыг хариуцаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын 80,000 ам метр талбайд дугуйн зам, явган хүний зам, авто зогсоол байгуулах талбайг бэлтгэж байгаа аж.

Ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын 80,000 ам метр талбайд дугуйн зам, явган хүний зам, нийтийн тээврийн автобус болон автомашины зогсоол хийхээр төлөвлөсөн. Ажлын нийт гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.

Тухайлбал 24,000 ам метр талбайд цементээр бэхжүүлж буталсан чулуун суурийг хийж байна. Цементээр бэхжүүлж буталсан чулуун суурь бэлдэх үед тоос шороо босож байгаа юм. Энэ ажил тавдугаар сарын 30-н гэхэд дуусна. Үүний дараа уг талбай дээр түр байгууламж угсрах, гэрэлтүүлэг суурилуулах ажил эхэлнэ.

Мөн 18,000 ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан байна.

Долоодугаар сарын 1-н гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Зураг
5 | 17 цаг