НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм байна.
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой болох аж.
Түүнчлэн "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар боловсруулж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтыг дэвшүүлжээ.
Талуудын бага хуралд оролцогч гадаадын төлөөлөгчид Монголд байх бүхий л зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд хурлыг бизнес аялал жуулчлалын хэлбэрт тооцож, Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжинэ.
Тус бага хурлыг эх орондоо зохион байгуулсан Энэтхэг Улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.долларын, 2022 онд Кот д’Ивуар Улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, 2024 онд Саудын Арабын Хаант Улс “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулсан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!