Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын COP17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар болоод буй.
Бага хурал нь 10-12 өдөр үргэлжлэх бөгөөд дээд түвшний арга хэмжээнд 500, сайд нарын түвшний уулзалтад 300, нэгдсэн хуралдаануудад гадаад, дотоодын 6,000 орчим төлөөлөгч оролцох юм байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 38,000 м.кв талбайд COP17 дугаар бага хурлын үйл ажиллагаанд зориулж 28 ширхэг түр байгууламж, авто зам, зогсоол байгуулж, ус, цахилгаан хангамж, шилэн кабелийн дэд бүтцийг татна. COP17 дугаар Бага хурлыг зохион байгуулах нийт өртөг нь 350 тэрбум төгрөг байна.
НЗДТГ-аас мэдээлснээр бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх есөн төрлийн 4,500 гаруй нэр төрлийн мод бут сөөг, зүлгийг тохижуулж байгаа гэнэ.
Харин дэд бүтцийн хувьд мэдээлэл, харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дуусаж, ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгаан эрчим хүчний шугам болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьд хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо ажилласан НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны долоодугаар сарын эцэс гэхэд хурлын барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж дуусах боломжтой гэж дүгнэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!