Францын компаниас 12 түр байгууламжийг ₮25 тэрбумаар түрээсэлж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бариулна
Дэлхийн 196 орны төлөөлөл оролцох Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэхээр болоод буй.
Тус бага хуралд зориулан “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг Франц улсын “Жи Эл Эвентс”(GL Events) компаниас түрээсэлж ашиглахаар гэрээ байгуулжээ. Түр байр, байгууламжийг НҮБ-ын шаардлага болон олон улсын стандартын дагуу нийлүүлж, угсарч ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр мэргэжлийн, туршлагатай хэмээн дээрх компани шалгарсан байна.
“Жи Эл Эвентс” компани нь нийт 12 түр байр, байгууламжийг түрээсийн хэлбэрээр нийлүүлж, талбайд угсран ашиглалтад бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд, зэрэгцээ арга хэмжээнүүд, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах аж.
UNCCD COP17 бага хуралд 196 орны Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид, байгаль орчин, хөдөө аж ахуй, ус, уур амьсгалын салбарын сайд нар болон өндөр түвшний бодлого боловсруулагчид, улс орнуудын төр, засгийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцоно. Үүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын сүлжээ, эмэгтэйчүүдийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мөн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирэх бөгөөд 8,000-10,000 орчим зочин, төлөөлөгчийг хүлээн авахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
