М.Өлзийбаяр: Хоймор оффисоос хойш 32-ын тойрог хүртэлх шинэ авто зам арванхоёрдугаар сард ашиглалтад орно

Д.Янжиндулам, ikon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, VII нэгж хорооллын гол гудамж зам болох Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барих ажил 16 хувьд хүрчээ.

Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын авто замын хяналтын мэргэжилтэн М.Өлзийбаяр “Авто замыг барих гүйцэтгэгчээр “Дэд бүтэц консалт” ХХК шалгарч, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус авто зам нь гол хэсэгтээ хоёр эгнээ, уулзвар руу нийлэх хэсэгт дөрвөн эгнээ болон өргөжих юм. Мөн авто замын хоёр талаар явган хүний болон дугуйн зам барихаас гадна гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамын ажлыг хийнэ” гэв. 

Авто зам ашиглалтад орсноор VII нэгж хорооллын гол гудамж замын сүлжээ өргөсөх, Баянбүрдийн тойрог болон Их тойруугийн авто замын ачаалал буурна гэж тооцоолжээ.

Сүхбаатар дүүрэг, 9, 11 дүгээр хороо, Алтайн гудамжнаас Галдан Бошигтын гудамж хүртэлх 7 дугаар хорооллын шинэ гол гудамж замыг барих нийт төсөвт өртөг ₮4.2 тэрбум байна.

Энэ онд нийслэл хотын авто зам, замын байгууламжийн шинэчлэлтэд ₮160 тэрбум, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулна.