С.Гэрэлмядаг: Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчдын гудамжны уулзвар хүртэлх авто зам 21 метрийн өргөн болж байгаа юм

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчдын гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буйг мэдээллээ.

Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн С.Гэрэлмядаг “Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчдын гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд борооны ус зайлуулах шугам, цэвэр усны шугам холбоо, дулааны шугамыг хүчитгэсэн.

Ирэх зургаадугаар сарын 1-нд нийт авто замын хучилт болон явган зам, ногоон байгууламжийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Уг зам нь 14 метрийн өргөнтэй байсан бол өргөтгөснөөр 21 метрийн өргөнтэй болж байгаа юм.

Гүйцэтгэгчээр “Анда рөүд” ХХК ажиллаж байна. Тус замыг өргөтгөж, шинэчилснээр Чингисийн өргөн чөлөөний авто замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой” гэв.

Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2025-2026 онд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Замын Сангаас ₮4.7 тэрбумыг зарцуулна.

Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө нь тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрөөс бүрддэг. 2026 онд нийт хөрөнгө оруулалтын 52.7 хувийг авто замын салбарт зарцуулахаар баталжээ. Энэхүү сангаас авто замын засвар, шинэчлэлт, гүүрэн байгууламж болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төслүүдийг санхүүжүүлдэг байна.