“АмЧам Монгол” тавдугаар сарын хэлэлцүүлгээ “Эрчим хүчний аюулгүй байдал уу, хямрал уу?” сэдвээр зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2026 оны 5-р сарын 19-ний өдөр “Эрчим хүчний аюулгүй байдал уу, хямрал уу?” сэдвээр Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаатай салбарын чиглэл, өнөөгийн нөхцөл байдал, урт болон дунд хугацааны төлөвлөгөөний талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хурлын модератор, ноён Рандолф Коппа нээлтийн үг хэлж, эрчим хүчний салбарт үүсээд буй хүчин чадлын дутагдал, сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт, төсөв болон өртөг зардлын талаарх АмЧамын байр суурь, үнэлгээг нийт гишүүдэд танилцуулж хэлэлцүүлгийг эхлүүлэв.

зураг
 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, гишүүдэд талархал илэрхийлж, салбарын хамгийн сүүлийн үеийн тоо баримт, арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 1,936 МВт-ын суурилагдсан хүчин чадал байгаа ба түүний 82% буюу 1,566 МВт цахилгаан эрчим хүчийг нүүрсээр, 8.1% буюу 155 МВт-ыг салхинаас, харин нарны гэрлээр 156 МВт буюу 8.2% эрчим хүч үйлдвэрлэж гаргаж авсан тоо баримтыг онцлов.

Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж буйг танилцуулав. Хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх, тарифын шинэчлэл ба тус салбарыг зах зээлийн горимд шилжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог илүү нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдээс суралцах, салбарын бодлоготой уялдаа холбоотой реформын замын зураглал боловсруулах, дэд бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалт татаж улмаар экспорт хийх боломж бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг тэтгэх, тархмал эрчим хүчний үүсгүүр эх сурвалжуудыг хөгжүүлэх зэрэг цогц арга хэмжээ авахаар ажиллаж байгааг танилцуулав.

Эдгээр ажлуудыг гурван үе шаттай хэрэгжүүлэх зорилготой байгаа ба эхний үе шат буюу үндсэн системийг тогтворжуулах, шилжилт хийх ажлуудыг 2026-2030 оны хугацаанд хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа илэрхийлэв. Цаашлаад 2050 он хүртэл эрчим хүчний салбарт олон ажлууд заавал хийгдэх хэрэгтэй байгааг тэрээр онцолж, сэргээгдэх эрчим хүч голлох үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаагаа гишүүдэд хэллээ.

Танилцуулгын дараагаар шинээр байгуулагдсан засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар илэн далангүй яриа өрнүүлж, гишүүдийн асуултуудад хариулт өглөө.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.