Шувууны ханиадны вирус цагаан баавгайгаас илэрсэн Европын анхны тохиолдлыг бүртгэснээ Норвеги улс мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард туйлын Свалбардын бүс нутагт амьдардаг цагаан баавгайгаас шувууны ханиадны вирус илрүүлснээ Норвеги улсын эрх баригчид Мягмар гарагт мэдэгджээ.

Тавдугаар сарын дундуур Умард туйлын цэгээс 1,000 км орчим зайд оршдог мөсөнд хучигдсан хойгоос үхсэн байдалтай олдсон нэг настай эр баавгай болон далайн морины дээжийг шинжлэхэд шувууны ханиадны вирусийн H5N5 хувилбар илэрсэн юм байна.

Энэ нь Европ тивд цагаан баавгайгаас шувууны ханиадны вирус илэрсэн анхны тохиолдол болж байгаа ажээ.

“Европ тивийн хөхтөн амьтдад шувууны ханиадны вирус халдварлах явдал улам нэмэгдэж байгааг энэ нээлт харуулж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд уг вирус Умард туйл зэрэг шинэ бүс нутгуудад тархаж, эмзэг ан амьтад, экосистемд ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй болжээ” гэж Норвегийн Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн шувууны ханиадны хөтөлбөрийн зохицуулагч Рагнхилд Тоннессен мэдэгдсэн байна.

Хоёр амьтны тархины дээжээс вирус илэрсэн нь “тэдний үхлийн шалтгаан болсон байх өндөр магадлалтайг харуулж байна” гэж Свалбард мужийн захирагч хэлжээ.

Шувууны ханиадаар үхсэн анхны далайн морийг 2023 онд Шпицберген арлаас олж байсан юм. Мөн онд Аляскад үхсэн цагаан баавгайгаас анх удаа ийм вирус илэрч байжээ.

Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын (WOAH) мэдээлснээр 2025 оны нэгдүгээр сараас 2026 оны гуравдугаар сарыг хүртэл хугацаанд дэлхийн 70 орчим улсад 140 сая орчим амьтан шувууны ханиадны улмаас үхсэн буюу устгагдсан байна.

Энэ нь 2021-2022 оны оргил үеэс хамаагүй буурсан үзүүлэлт боловч шувуунаас бусад төрлийн амьтдын дунд тархалт нь нэмэгдэж, хүнд халдварлах эрсдэлийг улам нэмэгдүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP