Б.Барамсайг Ардын багш, Д.Цэвээнравданг Ардын жүжигчин, А.Төмөр-Очирыг Ардын уран зохиолч цолоор шагналаа
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан дараах эрхмүүдийг ардын цолоор шагнав.
Монгол Улсын боловсролын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд оюун ухаанаа дайчлан ажиллаж, харилцаа холбооны салбарын мэргэжилтэн бэлтгэх бааз суурийг бий болгож, ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлийн олон арван сургалтын хөтөлбөр гарын авлага, сурах бичиг бичиж, тусгай мэргэжлийн дунд сургуулийг хөгжүүлэх, хүнсний технологийн мэргэжилтэн ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд идэвх чадвартай ажилласныг өндрөөр үнэлэн Хүнс үйлдвэрлэл технологийн их сургууль, Хүнс технологийн политехникийн коллежийн удирдах зөвлөлийн дарга, доктор профессор Баасанжавын Барамсайд АРДЫН БАГШ цол,
Соёл урлагийн салбарт тайз дэлгэц болон томоохон хөгжмийг найруулан удирдаж, ард түмний сэтгэлд хоногшсон олон арван дуу хөгжмийн бүтээлийг туурвиж, залуу уран бүтээлчдийн авьяас ур чадварыг хөгжүүлэн сургаж, хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Завхан аймгийн Хөгжимт бүжгийн театрын ерөнхий удирдаач, Монголын төмөр замчдын дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагч асан, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравданд АРДЫН ЖҮЖИГЧИН цол,
Нийгмийн оюун санаа, гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэхэд авьяас билгэ үйлс бүтээлээ зориулан ажиллаж, олон арван бүтээл туурвин ард олноо соён гэгээрүүлж, Монголын яруу найрагт өөрийн гэсэн өнгө аясыг бий болгон, Монгол уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Айлтгүйн Төмөр-Очирт АРДЫН УРАН ЗОХИОЛЧ цол тус тус хүртээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






