ГЕГ: Хил хаагдахаас өмнө орж ирсэн импортын ачааны гаалийн бүрдүүлэлт наадмын өдрүүдэд хэвийн явагдана

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох бөгөөд Засгийн газрын шийдвэрээр 7 дугаар сарын 10-19-ний хооронд, нийт 10 хоног бүх нийтээр амрах юм. Энэ үеэр хил түр хаах өдрүүдийн талаар Гаалийн ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсээс дараах мэдээллийг өглөө. 

Баяр наадмын өдрүүдээр төмөр зам болон агаарын боомтууд энэ хугацаанд хэвийн үйл ажиллагаагаа явуулах юм байна. 

Автозамын хилийн боомтуудын хувьд: 

  • ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Эрээнцав, Ханх боомт хэвийн ажиллах бол Цагааннуур (Баян-Өлгий), Боршоо, Тэс (Увс), Арцсуурь (Завхан), Ульхан (Дорнод) боомтууд 7 дугаар сарын 9-ний орой хаагдаж, 10-15-ны өдрүүдэд түр хаалттай, 16-наас хэвийн горимд шилжинэ.
  • БНХАУ-тай хиллэдэг 12 автозамын боомт бүгд 7 дугаар сарын 10-ны орой хаагдаж, 11-15-ны өдрүүдэд түр хаалттай, 16-ны өглөө нээгдэнэ.

ХИЛИЙН БООМТУУДЫН 2026 ОНЫ 07 ДУГААР САРД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ  (түр хаах өдрүүд)

зураг
 

Хил хаагдахаас өмнө орж ирсэн импортын ачааны гаалийн бүрдүүлэлт наадмын өдрүүдэд хэвийн явагдах юм байна. 

Харин гүний гаалийн ачаа хүлээн авах терминалуудыг хувийн байгууллагууд хариуцан ажиллуулдаг тул бараа, тээврийн хэрэгслээ заавал хүлээн авах шаардлагатай аж ахуйн нэгжүүд тухайн терминал эрхлэгчтэйгээ урьдчилан тохиролцохыг Гаалийн ерөнхий газар зөвлөв.

Наадмын амралтын өдрүүдэд харьяа гаалийн газар, хороодод "хариуцлагатай жижүүр" ажиллаж, шаардлагатай тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг хийж ажиллах аж.

Иймд аж ахуйн нэгж, иргэд яаралтай хүлээн авах шаардлагатай бараа, тээврийн хэрэгслийн мэдээллээ тээвэр зуучийн байгууллага болон гаалийн хяналтын бүсийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэхийг зөвлөв. Мөн бүрдүүлэлтийн цахим төвд ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан нэмэлт албан хаагчдыг татан оролцуулж, хариуцлагатай жижүүр байцаагч нар аж ахуйн нэгжийн бүрдүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэнэ гэв.