“25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Г.Мөнхтуулыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа

Н.Эрхбаяр, iKon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан “25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Ганбатын Мөнхтуулыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мөнхтуул шагнал авсныхаа дараа "Сэтгүүлчийн мэргэжил гэдэг бол цаг наргүй, маш их хариуцлагатай, ер нь хагас цэрэгжсэн байдалтай мэргэжил. Ёс зүйтэй, зөв төлөвшсөн хүн байж сэтгүүлч мэргэжлийн нэр төрийг авч явна гэж би ойлгосон.

Энэ жилийн хувьд 25 дугаар суваг” телевизийн 30 жилийн ойн босгон дээр төрийн дээд цол авсандаа баярлаж байна. Миний хувьд “25 дугаар суваг” телевизтэй тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байна. Парламентын сэтгүүлчээр 28 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд олон парламент, Засгийн газрын нүүрийг үзлээ. Улс төрийн янз бүрийн халуун үйл явдлуудыг биеэрээ мэдэрч, халуун цэг дээрээс сурвалжилж явлаа.

Энэ өдөр тэнгэрт байгаа хайрт аавыгаа дурсаж, ачийг нь сангалцаж байна. Аав маань байсан бол надаас илүү баярлах байсан байх" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.