Хятадын шүүх $325 саяын авлига авсан хотын захиргааны албан тушаалтанд цаазын ял оноолоо
Нанжин хотын захиргаанд 30 жилийн турш янз бүрийн албан тушаал хашиж байсан Ян Юүлиньд цаазын ял оноох шийдвэрийг Хятадын шүүх өчигдөр гаргажээ.
Түүний 1993-2023 оны хооронд бусдаас авсан хээл хахуулийн нийт хэмжээ 2.2 тэрбум юань ($325 сая) хүрсэн нь тогтоогдсон бөгөөд нийтийн хөрөнгө хувьдаа завшсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан юм байна.
Тухайлбал 69 настай Ян бусдад хотын захиргаатай гэрээ байгуулах, газар олгох, санхүүжилт олж өгөх зэргээр тусалсныхаа хариуд мөнгө, үнэт зүйлс авдаг байжээ.
Чанжоу хотын шүүх Даваа гарагт гаргасан дүгнэлтдээ Нанжин хотын эдийн засаг, технологийн хөгжил хариуцсан албан тушаалуудыг хашиж байхдаа Ян “улс болон ард түмний ашиг сонирхолд ноцтой хэмжээний хохирол учруулсан” гэж тайлбарласан байна.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин засгийн эрхийг авснаасаа хойш авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлсэн. Шүүмжлэгчид нь түүнийг энэ тэмцлээ улс төрийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болгосон гэж үздэг.
Ихэвчлэн нэг тэрбум юаниас дээш хэмжээтэй авлига авсан, өмч хөрөнгө завшсан албан тушаалтнуудад шүүх цаазын ял оноож байгаа.
Тухайлбал Хятадын төрийн өмчит банкуудад өндөр албан тушаал хашиж байсан Лай Шаоминь арван жилийн хугацаанд 1.8 тэрбум юанийн авлига авсан хэргээр 2021 онд цаазлуулсан юм.
Өвөр Монголын төр захиргаанд алба хашиж байсан Ли Жяньпин нийтдээ 3 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний авлига авч, өмч хөрөнгө завшсан хэргээр 2024 онд цаазлуулж байв.
Бусад олон тохиолдол Хятадын шүүх шоронд хорих, эсвэл тодорхой хугацааны дараа бүх насаар хоригдох ял болон өөрчлөгдөх нөхцөлтэй цаазын ял оноодог.
Гэвч Яны үйлдсэн хэрэг “маш ноцтой” байсан тул ял хөнгөрүүлэх үндэслэл олдоогүйг Чанжоу хотын шүүх өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
