ФОТО: Уран зэрэглээт ГОВИЙН урин цагийн ӨНГӨ
Монгол Улсын өмнөд цэг Өмнөговь, Дундговь аймгаас бэлтгэсэн ФОТО сурвалжилгыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Өмнөговь аймаг тэмээн сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд сүүлийн тоон мэдээллээр 160 мянга гаруй тэмээ бүртгэжээ.
Монголын их говийн ТЭМЭЭН СҮРЭГ Гиннест бичигдсэн түүхтэй. Тодруулбал "Монгол тэмээ-999" Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2016 онд болж байсныг эргэн сануулъя.
Уг уралдаанд 1,115 тэмээ гараанаас гарч уралдан 1,108 тэмээ барианд амжилттай орж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан. Урьд нь Өвөр Монголд 560 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлж байсныг ийнхүү давуулж чадсан билээ.
говийн чимэг Элсэн манхан
Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт Сэврэй сумын нутагт 180 километр үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул бий.
Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр бөгөөд салхитай үед хөгжим эгшиглэх мэт дуу авиа гарна. Салхинд элсний нарийн ширхгүүд хийсэж, ийнхүү сонсголонтой чимээ гаргадаг тул нутгийнхан "дуут манхан" хэмээжээ.
Түүнчлэн дотоод, гадаадын жуулчдын зорин очих дуртай үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтцыг Говь Гурван Сайхан уулнаас харж болно. Ёлын ам нь Говь Гурван Сайхан уулын ам бөгөөд ёл шувуу ихтэй тул ийнхүү нэрлэжээ.
Хавцлын голоор жижиг гол горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигдана.
Үүний зэрэгцээ Монгол орны гайхамшгаар зүй ёсоор тодордог газар бол Баянзаг билээ. Одоогоос 60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн өндөг энэ нутгаас олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болж байсан.
Аялал жуулчлалын зуны саруудад говь нутгийн сайхныг үзэхээр зорин ирэх жуулчдын хөл тасрахгүй ээ.
Энэ он гарсаар манай улсыг 346,112 жуулчин зорин ирсэн байна. Аялал жуулчлалын хамгийн оргил үе зуны саруудад үргэлжилдэг. Тэгвэл зургаадугаар сард 53,859 жуулчныг хүлээн авчээ.
График: 2026 оны эхний зургаан сард зорин ирсэн жуулчдын тоон мэдээлэл
Дундговь аймгийн үзэсгэлэнт газрууд
Улаанбаатар хотоос 260 гаруй километрт орших Дундговь аймагт үзэж харах зүйлс их.
Их газрын чулуу, Дэл уул, Бага газрын чулуу, Онгийн хийдийн туурь, Өөш манхан, Дэлгэрхангай уул зэрэг газрууд нь Дундговь аймгийн гайхамшгаар тодордог.
Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм.
Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэмж, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.
Бага газрын чулууны хамгийн өндөр цэг буюу ноён оргил нь далайн түвшнээс дээш 1,768 метрт өргөгдсөн Тахилгын хавцал билээ. Бага газрын чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий.
Жаргалантын агуйгаас нэг километр орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийн цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан нүдний рашаан гэж нэрлэдэг.
Түүнчлэн нутгийн ард түмэн эртнээс нааш “Цагаан хайрхан” хэмээн хүндлэн тахиж ирсэн цагаан суварга нь энэ нутгийн чимэг билээ. Цагаан суварга нь эрт цагт том нуур байсны ул мөрийг илтгэх аж.
Урт удаан хугацаанд нуурын ус ширгэхэд түүний ёроолын элдэв шаварлаг үе давхаргатай хурдас ил гарч иржээ. Тэрхүү шаварлаг хурдас зүүн талаасаа он цагийн явцад хур бороо, үерийн усанд идэгдэж өөрчлөгдсөөр эрэг ганга үүсгэж, өвөрмөц содон хэлбэр дүрстэй болжээ. Цагаан суварга тогтцын хамгийн өндөр цэг нь 1,327 метр болдог байна.
Өмнөговь аймгийн заавал үзэх есөн гайхамшиг: Ёлын ам, Хонгорын элс, Хэрмэн цав, Сэврэй хайрхан, Галбын говь, Баянзаг, Мухар шивэртийн ам, Толь хад, Дэмчогийн хийд тодордог.
Дундговь аймгийн есөн гайхамшиг: Дуу хуур өв соёл, Их газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулуу, Сүм хөх бүрд түүх, соёлын дурсгалт газар, Дэлгэрхангай уул, Дэл уул, Өөш манхан болдог.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
























































