16 настай охины амийг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах болон тус зүйлийн 1.2-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс Ц. Давгадоржийг 32 настай Т.З, 16 настай Ч.Ш нарыг амийг хөнөөсөн улмаар амь хохирогч Ч.Ш.-г алсны дараа цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг сүрдүүлж, заналхийлсэн гэж үзэн Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгасан.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байсан юм.
Эх сурвалж: Улсын дээд шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
