Вьетнамын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэж байсан 20 монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирчээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам Улсын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэж байсан 20 монгол адууг өчигдөр (2026.07.06) эх оронд нь авчирчээ.
“Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсонтой холбогдуулан Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн 20 адууг Монгол Улсад буцаан бэлэглэх шийдвэр гаргасан юм байна.
Өчигдөр ирсэн 20 адууг мал эмнэлэг, хорио цээрийн шинжилгээ, вакцинжуулалт болон экспорт, импортын зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэлтийг үе шаттайгаар хангаж авч ирсэн бөгөөд цаашдын арчилгаа, хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) алба хаагчид хариуцна.
Анх 2019 оны долоодугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад Морьт цагдаагийн хороо үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сард дээрх монгол адууг Вьетнам Улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байжээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчрахад Монгол улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагууд хамтран ажилласан бөгөөд тээвэр логистикийг Монголын талаас “Өндөр Зотол Ложистик” ХХК, Вьетнамын талаас “Golden Sun Logistics Services Co., Ltd” компаниуд хариуцан зохион байгуулжээ.
Мөн Вьетнам улсын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адууг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулах хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллана.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!








