Г.Дамдинням: Бидэнд шатахууны 33 хоногийн нөөц байна. Битгий айж тэвдээрэй, бодит тоонд итгэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 дахь хонон өнөөдөр /2026.07.07/ тохиож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийнхээ хамт танилцуулав. Энэ үеэр шатахууны нөөцтэй холбоотой асуудлыг Ашигт малтмал, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодруулахад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа учраас хамгийн түрүүнд тайван амгалан байцгаа, шатахууны нөөц бий гэдгийг хэлье. Манай импортолдог улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч Засгийн газраас идэвх санаачилга гарган өнгөрсөн дөрөвдүгээр сард батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас шатахууныг төрөл бүрээр нь авч, өнөөдрийг хүртэл оруулж ирж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хямралын үед шатахууны долоо хоногийн нөөцтэй байсан. Өнөөдөр бидэнд 33 хоногийн нөөц байна. Араас нь орж ирж байгаа.
2026 оны долоодугаар сард ОХУ-аас 47 мянган тонн АИ-92 автобензин, 1,200 тонн АИ-95 автобензин, 88,860 тонн дизель түлш худалдан авахаар захиалгаа гэрээ хийсэн байгаа. Мөн БНХАУ-аас 71 мянган тонн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалга өгөөд байна. Энэ сард нийт 200 гаруй мянган тонн бүтээгдэхүүн гаднаас авч хэрэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Өнгөрсөн хоёр хоногт баяр наадамтай холбоотойгоор шатахууны хэрэглээ хоёр дахин өссөн. Иргэдийн дунд бага зэрэг айдас байх шиг байна. Айдас дээр нь улс төр хийх гэсэн оролдлогууд ч байх шиг байна. Битгий айж тэвдээрэй, бодит тоонд итгэ гэж хэлье.
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын бүх шатахуун түгээгүүрийг цэнэглэсэн. Одоо бол ердийн үеийнхээс 3-4 дахин их авч байна. Нэн цэнэглээд гурав хонодог байсан шатахуун түгээгүүрийн шатахуун өдөртөө дуусаад байгаа.
Газрын тосны бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудаас авна гэж байгаа ч дэлхий даяар шатахууны хямралтай байна.
Цаашид бид Газрын тосны үйлдвэртэй болно. Ажил эрчимтэй явж байгаа. 3,500 хүн 24 цагаар ажиллаж байна. Нэмж 1,500 хүн орж ирнэ. 2028 онд багтааж дуусгана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

