Поп хөгжмийн од Кайли Миноугийн талаар “зохисгүй зүйл” ярьсан Австралийн ерөнхий сайд уучлал гуйжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт нэгэн подкаст ярилцлагад оролцохдоо Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз поп од Кайли Миноугийн талаар зохисгүй зүйл ярьсан хэмээн шүүмжлүүлсэн юм.

Тэрбээр “Bush Deep” подкастад хошин урлагийн жүжигчин Никки Озборнтой 20 минутын турш ярилцахдаа ийм асуудалд холбогджээ.

YouTube платформд бүдүүлэг, алиа марзан контент нийтэлдгээрээ алдартай Озборн ерөнхий сайдаас Миноуг, жүжигчин Никол Кидман, шоу ертөнцийн од Ронда Бурчмор нарын нэгийг “бэлгийн харилцаанд орох, гэрлэх, эсвэл болзох” зорилгоор сонгох бол хэнийг сонгохыг асуусан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамтран амьдрагч Жоди Хайдонтой гэрлэсэн Албаниз эхлээд “Би саяхан гэрлэсэн, ердөө зургаан сар болж байна” хэмээн хэлж, уг асуултад хариулахаас зайлсхийхийг оролдсон юм.

Гэвч Озборн хариулт нэхсээр байсан тул тэр эцэст нь “Мэдээж Кайли” гэж хариулжээ.

“Та Кайлитай гэрлэж, болзож, сэкс хийх байсан уу?” гэж Озборныг дахин лавлахад Албаниз “Наад дурдсан бүхнийг чинь хийх байсан. Тэр бол гайхалтай” гэж хариулсан юм.

зураг
 

Албанизийн хариулт тэр дороо хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан байна.

Сөрөг хүчний намын гишүүн Зали Стеггал ерөнхий сайдын ярьсныг “бүхэлдээ зохисгүй” гэж дүгнээд түүнийг “хүйсээр гадуурхсан утгатай зүйлд оролцохоос татгалзаж, үлгэр жишээ үзүүлэх ёстой байсан” гэж шүүмжилжээ.

Сүүдрийн засгийн газрын харилцааны сайд Сара Хендерсон “эмэгтэйчүүдийг үл хүндэтгэсэн, австраличуудыг ичээсэн, ерөнхий сайдын албан тушаалыг дорд үзсэн” гэж Албанизийн ярьсныг сошиал хуудсандаа шүүмжилсэн байна.

Даваа гарагийн өглөө Албаниз “Би ярьсан зүйлийнхээ төлөө нэг мөр уучлал гуйж байна” гэж гадаад айлчлалынхаа өмнө ганцхан өгүүлбэрээр мэдэгджээ.

Түүнийг орлон үлдсэн Ричард Марлес өчигдөр ABC сувгаар ярихдаа засгийн газар нь эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгааг батлан илэрхийлсэн байна.

“Хэдийгээр бид үе үе алдаатай зүйл ярьдаг ч манай засгийн газар Австралийн түүхэнд эрэгтэй, эмэгтэй сайд нарын тоог тэнцүүлсэн анхны танхим болохыг хэлэх хэрэгтэй” гэж тэр мэдэгдсэн юм.

Озборн бас Албанизаас гадаад айлчлалын үеэр авсан хамгийн муу бэлэг нь юу байсныг асууж байв.

Тэрбээр Японы ерөнхий сайд Санае Такаичи хоёр амтат гуа бэлэглэсэн нь “эхэндээ хачин санагдаж байсан ч эцэстээ маш сайхан бэлэг гэдэг нь тодорхой болсон” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: BBC