Трампын лобби АНУ-ын шигшээг шөвгийн наймд шалгарахад тус болсонгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн 16-гийн шатанд олны сонирхлыг татсан нэгэн тоглолт АНУ-ын Канзас Ситид боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны тэргүүн Жианни Инфантино нар утсаар холбогдсоны дараа довтлогч Флорин Балугоны улаан хуудасны торгуулийг цуцалсан нь маргаан дагуулсан юм. Бельгийн хөлбөмбөгийн холбоо энэ шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсан ч тус болоогүй.

Ж.Инфантинотой харилцаа тааруу байдаг Европын Хөлбөмбөгийн Холбоо (UEFA) ч энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн билээ. 

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Д.Трампын лобби АНУ-ын шигшээ багт тус болсонгүй. Шарль Де Кетеларе хоёр, Ханс Ванакен, Ромелу Лукаку нар тус бүр нэг гоол оруулсан бол АНУ-ын шигшээ багаас нэр төрийн ганц гоолыг Малик Тиллман нэр дээрээ бичүүллээ. 

Бүх маргааны эхлэл болсон Ф.Балугон 90 минут талбайд гарч хаалга руу гурван удаа цохисон байна. Түүнийг шүүгчийн мэдлийн нэмэлт цагт сэлгээнд суулгажээ.

Америкчууд ийнхүү сүүлийн таван ДАШТ-ий дөрөвт нь шөвгийн 16-гаас хасагдаж байна. Тэд 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй юм. "Сэм Авгын" хөлбөмбөгчид тэмцээнийг орхисноор зохион байгуулагч гурван улсын баг бүгд хасагдлаа.

Бельгийн "Улаан чөтгөрүүд" шөвгийн наймд Испанийн шигшээ багтай өрсөлдөнө. Энэ тоглолт долдугаар сарын 11-ний Бямба гарагт 03:00 цагаас болох хуваарьтай.