Хадгалалтын тусгай горим шаарддаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах зөрчил нэмэгджээ

М.Батчимэг, ikon.mn
17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны эхний хагас жилийн байдлаар гаалийн байгууллага улсын хэмжээнд нийт 2,047 хэрэг, зөрчлийг илрүүлж, хууль журмын дагуу шийдвэрлээд байна. Үүнээс 52 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгааг албан хаагчид ур чадвар гарган илрүүлсэн талаар Гаалийн ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Тухайлбал, АНУ, Англи, БНТУ, ОХУ, ХБНГУ-аас чиглэлтэй 6 төрлийн химийн болон байгалийн гаралтай нийт 2 кг 190.2 грамм мансууруулах бодис, мөн 1200 мл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 12 удаагийн үйлдлийг таслан зогсоожээ. Мөн Монгол Улсаас БНХАУ руу 1.6 кг алт, БНТУ-аас чиглэлтэй 12.2 килограмм алтан эдлэлийг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлж, цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна.

Сүүлийн үед чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг, хадгалалтын тусгай горим шаарддаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг Гаалийн ерөнхий газар онцлон анхааруулж байна. Иймд гадаадаас эм, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн авч ирэх иргэд зөвхөн хувийн хэрэглээний хэмжээнд, шаардлагатай тохиолдолд эмчийн жор, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хууль тогтоомж, гаалийн шаардлагыг мөрдөж хилээр нэвтрүүлэхийг сануулж байна.

Нийт хэрэг, зөрчлийн 83.5 хувь нь орох, 16.5 хувь нь гарах чиглэлд бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлд суурилсан онилгоо, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Нийт хэрэг, зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийх зөрчил, 23.5 хувийг тарифын болон тарифын бус хязгаарлалттай барааг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг эзэлж байна.