МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг сэргээх боломжгүй
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр хуралдаж, ёс бус үг хэллэг хэрэглэсэн Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаатай хассанаа мэдэгдэж байв.
Ёс зүйн зөрчил гаргасан талаараа арслан Р.Пүрэвдагва хүлээн зөвшөөрч, уучлалт гуйгаад барилдах эрхийг нь сэргээж өгөхийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүссэн юм.
Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав наадмын зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "Холбооны Ёс зүйн зөвлөл ойрын хугацаанд дахин хуралдаж, энэ асуудлаар санал хурааж шийдвэрлэнэ" гэж мэдэгдэж байв.
Тэгвэл өнөөдөр тус Ёс зүйн зөвлөл хуралдаад олонхын саналаар Р.Пүрэвдагвын шийтгэлийг хэвээр нь үлдээжээ. Харин зөрчил гаргаад шийтгүүлсэн аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хассан байсныг цуцалж, хатуу сануулга болгожээ.
Ингэснээр энэ жилийн баяр наадамд Р.Пүрэвдагва арслан барилдахгүй юм байна.
Харин допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах эсэхийг Үндэсний их баяр наадмын комисс шийдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
