Хадан цохион дээрээс унаж нас барсан “Mango” брэндийн эзний үхэлтэй холбогдуулан хүүг нь баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Испани улсын цагдаа нар хувцас загварын “Mango” брэндийг үүсгэн байгуулагч Исак Андичийн хүүг аавынх нь үхэлтэй холбогдуулан Мягмар гарагт баривчилжээ.

Андич 2024 оны арванхоёрдугаар сард Барселона хотын ойролцоо ууланд гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж байхдаа 100 метрийн өндөр хадан цохион дээрээс унаж, нас барсан юм.

Түүний үхлийн шалтгааныг эхлээд осол гэж үзэж байсан бол сүүлд Каталони мужийн цагдаагийн газар хүн амины хэрэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Гэр бүлийнхэн нь Жонатан Андичийг цагдаа нар саатуулж, байцааж байгааг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Бас Жонатаныг гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Хэргийг хянаж буй шүүх мөрдөн байцаах ажиллагаа нь тодорхой хувь хүнд чиглээгүйг өнгөрсөн онд мэдэгдэж байв.

зураг
 
Mango брэндийн үүсгэн байгуулагч Исак Андич

Истанбул хотод төрсөн Исак Андич 1960-аад оны үед Испанийн зүүн хойд Каталони мужид шилжин суурьшсан бөгөөд 1984 онд “Mango” брэндээ үүсгэн байгуулж байжээ.

Түүний үүсгэсэн бизнес Zara брэндийн өрсөлдөгч гэгддэг дэлхийн хэмжээний групп болон өргөжсөн юм.

Forbes сэтгүүлийн тооцоолсноор нас барах үедээ компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байсан Исак Андич $4.5 тэрбумын хөрөнгөтэй байжээ.

Барселонд төвтэй Mango хаалттай компанийн 2025 оны орлого 3.8 тэрбум евро ($4.4 тэрбум) хүрч байв.

Өмнө нь Mango компанийн жижиглэн худалдааны үйл ажиллагааг хариуцаж байсан Жонатан Андич одоо төлөөлөн удирдах зөвлөлийн дэд даргын албыг хашдаг юм.

Mango компани одоо өрнөж буй үйл явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

 

Эх сурвалж: Reuters