Starbucks Korea компанийн захирал эмгэнэлт үйл явдалтай холбоотой сурталчилгааны улмаас албан тушаалаасаа огцорлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Starbucks Korea компанийн гүйцэтгэх захирал Өмнөд Солонгосын түүхийн эмгэнэлтэй үйл явдлын ойтой давхцуулан зохимжгүй сурталчилгааны ажил эхлүүлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорчээ.

Даваа гарагт тус компани “Tank Day” нэртэй кофены аяганы сурталчилгааг эхлүүлсэн нь Гванжугийн бослогын ойтой давхацсан байна.

Сурталчилгаанд ашигласан “танк” гэдэг үг нь 1980 оны тавдугаар сард Гванжу хотод гарсан ардчилсан тэмцлийг тухайн үеийн цэргийн дэглэм танк ашиглан дарсныг сануулсан мэт ойлгогдож байлаа.

Үүний улмаас Өмнөд Солонгосын иргэдийн дунд Starbucks-ийн үйлчилгээнээс татгалзах хөдөлгөөн өрнөж, ерөнхийлөгч И Жэ Мюн хүртэл тус компанийн үйл ажиллагааг хатуу зэмлэсэн юм.

Starbucks Korea хэдхэн цагийн дараа сурталчилгаагаа зогсоосон бөгөөд тус кофены сүлжээг эзэмшигч Шинсэгае компани “зохисгүй маркетинг” явуулсны төлөө гүйцэтгэх захирал Сон Чон Хёныг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Уг нь “Tank Day” гэсэн англи үг сурталчилсан кофены аягаа танкер шиг их багтаамжтай гэсэн утга агуулж байсан юм байна.

Тус сүлжээ тавдугаар сарын 15-наас 26-ны хооронд Tank Series цувралын хэд хэдэн кофены аягыг урамшуулалтай борлуулах төлөвлөгөөтэй байжээ.

“Энэхүү үйл явдлын улмаас үйлчлүүлэгчдэдээ төвөг учруулсандаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Бид уг арга хэмжээг нэн даруй зогсоосон бөгөөд ирээдүйд ижил төстэй үйл явдал давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд дотоод ажиллагааныхаа хяналтыг сайжруулах болно” гэж Starbucks Korea мэдэгдсэн байна.

АНУ дахь Starbucks компанийн төв бас уучлал гуйхдаа “хэдийгээр санамсаргүй ч гэсэн энэ алдаа хэзээ ч гарах ёсгүй байсан юм” гэж мэдэгджээ.

“Энэ үйл явдал Солонгосын ардчилалд хувь нэмэр оруулсан бүх хүмүүст, ялангуяа бослогын хохирогчдод, тэдний гэр бүлд гүн гүнзгий шаналал, гомдол авчирсныг бид хүлээн зөвшөөрч байна” гэж компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн сошиал хуудсандаа “Манай улсын хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэсэн ийм доод түвшний худалдаачны хүнлэг бус зан авир намайг бухимдууллаа” гэж бичжээ.

1980 оны тавдугаар сарын 18-ны өдөр өмнөд бүсийн Гванжу хотод гарсан иргэдийн бослогыг дарах үеэр олон зуун хүн амиа алдсан гэдэг.

Энэ үеэр бас Чон Ду Хваны дэглэмийн цэргүүд иргэдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь сүүлд шалгалтаар тогтоогдож байжээ.

Тиймээс тавдугаар сарын 18-ны өдөр Өмнөд Солонгосын түүхэнд эмгэнэлт өдөр болон үлдсэн байдаг.

Уг бослогын дараа тус улсад ардчиллын төлөө хөдөлгөөн эрчимжиж, улмаар 1987 оны зургаадугаар сард Чон Ду Хваны цэргийн дэглэм унаж, иргэний засаглал тогтсон юм.

2021 оны долдугаар сард АНУ-ын Starbucks Coffee компани Өмнөд Солонгос дахь салбаруудаа тус улсын томоохон бизнесийн групп Шинсэгаед зарснаар хамааралгүй болж байв.

Одоо Starbucks Korea компанийн 67.5 хувийг тус группийн E-mart компани эзэмшдэг бол үлдсэн хувийг Сингапурын GIC баялгийн сан эзэмшдэг юм байна.

 

Эх сурвалж: BBC