Мянга мянган хүүхдийн итгэл дэлхийн тавцанд мөнгөн медаль болж гялалзлаа
2026 оны 5-р сарын 7–15-ны өдрүүдэд Финланд Улсын Пажулахти хотод зохион байгуулагдсан Дэлхийн Пара Бочигийн цуврал тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, эх орондоо мөнгөн медаль авчирсан бахдам үр дүнг үзүүлэв.
Ганцаарчилсан төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон 3 тамирчин өндөр амжилт гаргасан бөгөөд тэмцээний дүнгээр Монголын баг 1 мөнгөн медаль хүртлээ.
BC2 ангиллын эрэгтэй төрөлд Х.Ирмүүн мөнгөн медалийн эзэн болсон бол BC2 ангиллын эмэгтэй төрөлд Д.Дагмидмаа хэсгээсээ 3-р байраар шалгарлаа. Харин BC1 ангиллын эрэгтэй төрөлд Т.Мөнхдэмбэрэл хэсгээсээ 2-р байраар шалгарч, нийт 20 гаруй улсаас 5 дугаар байрт өндөрлүүлэв.
Энэхүү амжилт нь зөвхөн спортын үр дүн бус, нийгмийн тэгш оролцооны бодит илэрхийлэл болж байна.
Монголын Пара Бочигийн холбоог ӨВ ГРУПП тууштай дэмжин ажилладаг бөгөөд тус группийн Ерөнхийлөгч Самдангийн Отгонбат нь 2017 оноос эхлэн Монгол Улсад Пара бочигийн спортыг хөгжүүлэх санаачилгыг эхлүүлж, холбооны суурийг бүрдүүлэн ажиллаж ирсэн. Улмаар 2020 онд Монголын Пара Бочигийн холбоо нь Монголын Үндэсний шигшээ багт 1 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож эхэлсэн түүхтэй.
Монголын Пара Бочигийн холбоо нь өнөөдрийн байдлаар 10,000 гаруй тусгай хэрэгцээтэй хүүхэд, залууст итгэл, урам зориг өгч, 100 гаруй тамирчин хүүхэд, залуусын хүсэл мөрөөдөл, өөрийгөө нээх боломж, нийгэмд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Пара бочи спорт нь зөвхөн тэмцээн уралдаан бус, өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх, нийгэмд тэгш эрхтэйгээр оролцох боломжоо мэдрэх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэсвэр хатуужилтайгаар тэмүүлэх зам юм.
Энэхүү тэмцээний мөнгөн медаль нь тусгай хэрэгцээтэй хүүхэд, залуус нийгэмд үнэ цэнэ бүтээх бүрэн чадамжтайг дэлхий дахинд харуулсан бахархалт амжилт боллоо.
Ингэснээр Монголын Пара Бочигийн холбооны тамирчид олон улсын чанартай тэмцээнүүдээс Т.Мөнхдэмбэрэл 3 мөнгөн медаль, Х.Ирмүүн 1 мөнгөн болон 2 хүрэл медаль, Д.Дагмидмаа 1 хүрэл медаль хүртэж, нийт 7 медальтайгаар багийнхаа амжилтыг ахиуллаа
Монголын Пара Бочигийн тамирчдадаа баяр хүргэж, цаашдын амжилтыг хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
