“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Олон улсын тээврийн ажилчдын холбооны Төмөр замын газрын даргыг хүлээн авч уулзав
“УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн Холбооны урилгаар манай оронд хүрэлцэн ирсэн Олон Улсын тээврийн ажилчдын холбоо (International Transport Workers’ Federation–ITF)-ны Төмөр замын газрын дарга Дениз Акдогоныг хүлээн авч уулзлаа.
"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн уулзалтын эхэнд дэлхийн төмөр замчдын хөдөлмөрлөх эрх, зохистой хөдөлмөрийн төлөө олон улсын эв санааны нэгдлийг бэхжүүлж буй ITF-ийн төлөөлөл УБТЗ-д хүрэлцэн ирж, төмөр замчдын хөдөлмөр эрхлэлт, эрх, нөхцөлийн талаар санал солилцож байгаад талархлаа илэрхийлэв.
Тэрээр цааш хэлэхдээ “УБТЗ нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд стратегийн чухал үүрэгтэй. Энэ их ажлын ард өдөр, шөнөгүй, хүнд нөхцөлд хөдөлмөрлөж буй мянга мянган төмөр замчин бий. Тиймээс төмөр замын хөгжлийг зөвхөн тээвэр, орлого, техник технологийн шинэчлэлээр бус, ажилтны аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын байрны баталгаа, нийгмийн хамгаалалтай хамтад нь авч үзэх ёстой.
Энэ хүрээнд нийгмийн түншлэл бидний хувьд чухал ач холбогдолтой. УБТЗ-ын удирдлага болон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо олон жилийн турш хамтран ажиллаж, ажилтнуудын эрх, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хамтын хэлэлцээр, зөвшилцлийн замаар шийдвэрлэж ирсэн. Өнөөдөр УБТЗ-ын нийт ажилтнуудын 98 орчим хувь нь ҮЭ-ийн гишүүн байгаа нь төмөр замчдын хамтын хүч, итгэлцлийн тод илэрхийлэл юм.
Бид үйлдвэрчний эвлэлийг ажил олгогчийн эсрэг тал бус, харин харилцан ойлголцол, итгэлцэл, зөвшилцлийг бий болгож, байгууллагын тогтвортой хөгжлийг дэмждэг нийгмийн чухал түнш гэж үздэг.
Энэ онд эдийн засгийн олон сорилтыг үл харгалзан УБТЗ-ын удирдлага төмөр замчдын цалин хөлсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, тогтвортой орлогыг дэмжсэн чухал алхам болсон.
Бидний нийтлэг зорилго бол аюулгүй төмөр зам, зохистой хөдөлмөр, шударга цалин хөлс, тогтвортой ажлын байр, ажилтны эрхийг хүндэтгэсэн хөдөлмөрийн харилцаа юм. Цаашид УБТЗ, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо болон ITF-ийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, төмөр замчдын эрх, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр бодит үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
Олон Улсын Тээврийн Ажилчдын Холбооны Төмөр замын газрын дарга Дениз Акдогон ажилчдын эрх, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлаар төмөр замчдын ҮЭ-ийн холбоотойгоо ойлголцож нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлээд санал бодлоо солилцлоо.
Олон Улсын тээврийн ажилчдын холбоо / ITF / нь 1896 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн ажилладаг юм. 2026 оны байдлаар ITF нь 150 гаруй улс орны 760 орчим тээврийн үйлдвэрчний эвлэл, нийт 16.6 сая гаруй тээврийн ажилчны дуу хоолойг олон улсын түвшинд нэгтгэн ажиллаж байна. Төв байр нь Лондон хотод байрладаг бөгөөд дэлхийн олон бүс нутагт бүсийн болон төлөөлөгчийн газруудтай.
Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн Холбоо нь 1996 онд тус холбоонд гишүүнээр элсжээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

