МУГТ М.Нандинцэцэг Монголын анхны мэргэжлийн эмэгтэй боксчин болсноо зарлав
Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хүрэл медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байсан М.Нандинцэцэг өдгөө АНУ-д бэлтгэлээ базааж буй.
Мэргэжлийн боксчин болох зорилготой тэрбээр орон нутгийн цагаар ирэх есдүгээр сарын 26-ны Бямба гарагт анхны тулаанаа хийхээр болсноо зарлав. Ингэснээр тэр Монголоос мэргэжилд хүч үзэж байгаа анхны эмэгтэй боксчин болох юм.
Түүний тулаан АНУ-ын Мэрилэнд мужийн нийслэл Балтимор хотод болох аж. Одоогоор яг хэнтэй тулалдах нь тодорхойгүй байна.
Монгол Улсын аваргаар 11 удаа тодорч, 2018 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр түүхэн амжилтад нэрээ бичүүлсэн М.Нандинцэцэг өнгөрсөн тавдугаар сард Оклахома хотод болсон "Golden Gloves of America" тэмцээнд түрүүлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

