Сингапурт болсон дуудлага худалдаагаар Ли Куан Ю агсны хэрэглэж байсан Montblanc үзэг $360,000-ын үнээр зарагджээ
Сингапурын анхны ерөнхий сайд агсан Ли Куан Югийн хэрэглэж байсан Montblanc брэндийн үзгийг дуудлага худалдаагаар зарахад 461,500 сингапур долларын ($360,000) үнээр зарагджээ.
Тус улсын Hotlotz компанийн зохион байгуулсан “Interiors & Collections - August, Fine Art Focus” онлайн дуудлага худалдаанд “SM Lee Kuan Yew” гэсэн бичиг сийлсэн мөнгөлөг “Montblanc Meisterstuck No 146” нэртэй уг үзгийг зарахад 111 худалдан авагч үнэ хаялцан өрсөлдсөн байна.
Үзэгний үнийг 20,000 сингапур доллароос эхлэн дууджээ.
Ли Куан Юг орчин үеийн Сингапурын үндэслэгч эцэг хэмээн өргөмжилдөг.
Тэрбээр улс орноо Малайзаас салан тусгаарлах үед ерөнхий сайдаар эхлэн ажиллаж, 1959-1990 оны хооронд уг албан тушаалыг хашсан юм.
Дараа нь тэр 2004 он хүртэл ахлах сайдаар ажиллаж, 2004-2011 оны хооронд Сингапурын анхны бөгөөд цорын ганц ерөнхий сайдын зөвлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
Улмаар 2015 оны гуравдугаар сарын 23-ны өдөр нас барах хүртлээ парламентын гишүүн байсан юм.
Ли Куан Югийн гэр бүл 2003 онд амьдралын бэрхшээлтэй өсвөр насны охидыг хамгаалах “The Tent” санд хандивлах зорилгоор өөрсдийн 88 эд зүйлийг дуудлагаар худалдаж байжээ.
Тэдгээрийн дотор 1957 онд Их Британитай байгуулсан үндсэн хуулийн гэрээнд гарын үсэг зурахдаа ашигласан Waterman брэндийн үзэг байсан юм. Уг үзгийн үнийг 10,000 сингапур доллароос эхлэн дуудахад нэрээ нууцалсан бизнесмэн 350,000 сингапур доллароор авч байжээ.
2003 оны энэ дуудлага худалдаагаар Лигийн гэр бүлийн босгосон нийт хандивын мөнгөний хэмжээ 2.04 сая сингапур доллар болсон юм.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

