Кристиано Рональдо: Энэ жил миний замналын сүүлчийн жил байж магадгүй
Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Кристиано Рональдо ойрын үед зодог тайлж болзошгүй утгатай зүйлийг хэвлэлд ярьжээ.
Одоо 41 настай тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт удаан хугацаанд хамтран амьдарсан Жоржина Родригестэй гэрлэсэн юм.
Алтан бөмбөгний шагналын таван удаагийн эзэн, Аваргуудын Лигийн таван удаагийн аварга, Англи, Испани, Итали, Саудын Арабын лигүүдийн аварга тэрбээр олон улсын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд хамгийн олон гоол оруулсан амжилтаар түүхэнд бичигддэг тоглогч юм.
Португалийн үндэсний шигшээ багийн ахлагч Рональдо сүүлийн бараг дөрвөн жилийг Саудын Арабын мэргэжлийн хөлбөмбөгийн Аль Насср клубт өнгөрөөсөн бөгөөд гэрээ нь дуусахад нэг жилийн хугацаа үлдээд байгаа.
“Энэ жил миний хөл бөмбөгт зориулсан сүүлчийн жил байх магадлалтай. Тиймээс би гайхалтай өв үлдээхийг хүсэж байна” гэж тэр гэрлэлтийнхээ талаар Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
“Би ирээдүйгээ бүрэн төлөвлөсөн. Намайг завгүй байлгах маш олон зүйл байгаа тул зөвхөн нэгийг онцолж хэлэх хэцүү. Хөл бөмбөгөөс гарах нь миний амьдралд том хоосон зай үлдээж болзошгүй тул үүнийг зөвхөн нэг биш, олон зүйлээр нөхөх хэрэгтэй болно. Илүү их хөгжилдөж, илүү их аялж, өөрийн дуртай паделаа үзэж, тоглож, олсон зүйлээсээ таашаал авах байх. Учир нь эцсийн эцэст өнгөрсөн 25 жилд маш их зүйлийг би золиосолжээ” гэж Рональдо ярьсан юм.
Түүний өрсөлдөгчид тооцогддог Аргентины домогт тоглогч Лионель Месси саяхан бас аавыгаа нас барсны дараа хэр удаан хөл бөмбөг тоглохоо мэдэхгүй байгааг хэвлэлд ярьж байв.
Өнгөрсөн сард болж өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ тэдний хэн хэнийх нь хувьд сүүлчийн тэмцээн байж магадгүй байгаа.
Энэ талаар Рональдогоос тухайн үед асуухад “гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, эрүүл ухаанаар шийднэ” гэж хариулсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

