Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүн баривчлагдлаа

Т.Давааням, ikon.mn
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт Франц даяар боловсролын стандарт муудсан болон амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалууд өрнөж, улмаар хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд шилжжээ.

Францын засгийн газрын "хүчирхийллийн хурцадмал байдал" гэж тодорхойлсон энэ үйл явдлын үеэр 550,000 орчим хүн гудамжинд жагссан бол дор хаяж 1,200 хүн баривчлагдсан байна.

Парис хотод өчигдөр орой жагсагчид болон үймээн самууныг дарах тусгай хүчний цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, цагдаа нар цугларсан олны эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ.

Нийслэл хот болон бусад бүс нутагт барилга байгууламжууд олноор шатсан байна.  Тухайлбал Лимож хотын захиргааны байранд гарсан томоохон түймрийн улмаас дээвэр нь хэсэгчлэн нуржээ.

Хэд хэдэн хотод дээрэм тонуул гарч, хотын захиргааны байрууд болон худалдааны төвүүдийг чиглэсэн эвдлэн сүйтгэх үйлдлүүд олноор бүртгэгдсэн байна.

Францын дотоод хэргийн сайд Лоран Нюньесийн мэдээлснээр хууль сахиулах байгууллагын 60 ажилтан гэмтэж бэртсэний дотор хоёр хүн ухаангүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

Парис хотын төвд цагдаа нар цугларсан хүмүүс рүү дайрч, хэд хэдэн хүнийг бороохойгоор зодож байгаа нь харагдсан байна.

Лион хотын дарга Грегори Дусе хотын аялал жуулчлалын товчоо шатсан явдлыг хотынхоо хувьд "эмгэнэл" гэж нэрлээд "Энэ нь маш алдартай, түүхэн ач холбогдолтой барилга байсан тул бидний сэтгэлийг үнэхээр их өвтгөж байна" гэж хэвлэлд ярьжээ.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр "дайсагнагч этгээдүүд" гал унтраах ажиллагаанд саад учруулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Францын зүүн өмнөд хэсэгт оршдог Сэн-Этьен хотын дарга Режис Хуанико нэг залуу “гар бөмбөгөнд өртөж, гараа таслуулсан" тухай мэдээлээд "Ийм эмгэнэлт явдал хэзээ ч гарах ёсгүй байсан юм" гэж сошиал хуудсандаа харамсан бичжээ.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, нийслэл Парис хотын зарим хэсэг, түүнчлэн Марсель, Ренн, Тулуз, Анже зэрэг хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр "нүүрээ халхалсан хүмүүс" "зориудаар хүчирхийллийн үйлдэл" гаргасан байна.

Гренобль, Авиньон, По, Монпелье, Валанс зэрэг Францын олон хотод барилга байгууламжууд эвдэж сүйтгэгдсэн тухай мэдээлэл иржээ.

Парис хотод хувцас, хүнсний дэлгүүрүүд дээрэмдүүлсэн бол Лилль хот дахь "Apple"-ийн дэлгүүрт халдаж, доторх барааг нь бүгдийг нь авч одсон байна.

Сүүлийн долоо хоногуудад 15-аас 18 насныхан суралцдаг ахлах сургуулиудад (lycées) багш, ажилтны дутагдал үүсэж, сургуулийн барилга байгууламж нь хуучирч муудсаныг өөрчлөхийг шаардсан олон зуун мянган сурагч эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх болсон юм.

Бямба гарагт тэдний эгнээнд үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон бусад эсэргүүцлийн бүлгүүд нэгдсэн байна.

Эдгээрийн дотор 2018 оноос хойш амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцэж жагссан Францын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн нэг болох "Шар хантаазтнууд" (gilets jaunes) багтжээ.

Франц улс эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдалтай өмнө нь олон удаа нүүр тулж байсан ч энэ удаагийн үйл явдал тус улс улс төрийн гүн хямралд шилжиж буй цаг үед тохиож байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх жил албан тушаалаа хүлээлгэн өгөх бөгөөд санал асуулгуудын дүнгээс үзвэл дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтэй "Үндэсний нэгдэл" намын тэргүүн Марин Ле Пэн болон хэт зүүний үзэл баримтлалтай "Нугаршгүй Франц" намын Жан-Люк Меланшон нарын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж болзошгүй байна.

Жан-Люк Меланшон сүүлийн жагсаалуудад биечлэн оролцсон бөгөөд цагдаа нарыг хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг дэвэргэсэн гэж буруутгаж байгаа.

Харин Ле Пэн жагсагчдын "хууль ёсны шаардлагыг хэт зүүний үзэлтнүүд барьцаанд авсан" гэж мэдэгдээд хүчирхийллийг өдөөсөн хэмээн Меланшоныг буруутгаж байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон үймээн самуун дэгдээж, дээрэм тонуул үйлдсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татаж, шийтгэхээ амлажээ.

Засгийн газар жагсагчидтай зөвшилцөхийг хичээсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Тухайлбал боловсролын сайд Эдуард Жеффрей аравдугаар сарын 8-ны өдөр телевизээр ярихдаа 3,000 нэмэлт багшийн орон тоо бий болгохоо амлаж байв.

 

Эх сурвалж: BBC