АЙЧИ НАГОЯ 2026: Азийн V пара наадам албан ёсоор эхэллээ
Японы Айчи муж орчмын болон Нагоя хотод энэ сарын 18-наас 24-нийг дуустал үргэлжлэх Азийн пара наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээлээ.
"Paloma Mizuho Sports Park" цэнгэлдэхэд болж буй нээлтийн ёслолд 45 улсын тамирчдын төлөөлөл жагслаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд 44 тамирчин, нэг хөтөч тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм.
Харин нээлтийн ёслолд Монгол Улсаас тамирчин, албаны хүн 37 хүн жагсав. Монголын багийн тугчаар Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ сонгогдсон билээ.
Энэ удаагийн Азийн пара наадамд БНХАУ-аас хамгийн олон буюу 312 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол зохион байгуулагч Японоос 284, Тайланд 265, БНСУ-аас 214 оролцож байна.
Нээлтийн ёслол орон нутгийн 18:00 цагт эхэлсэн. Нийт 35,000 хүний багтаамжтай тус наадмын нээлтийн ёслолд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако, ханхүү Хисахито нар оролцлоо.
Энэ удаагийн пара наадмын нээлтийн ёслол "WABI - We are Beautiful Individuals" уриатай байв. Тодруулбал хүн бүрийн онцлог зан чанар, ялгаатай байдлыг хүндэтгэх агуулгаар зохион байгуулжээ.
Уг ёслолыг найруулагч Ёои Күрисүгийн "Ялгаатай ч хамтдаа" гэсэн агуулгатай Айчи мужийн урлагийг харуулсан тоглолтоор үргэлжилсэн. Найруулагч Ё.Күрисү 2010 онд ясны хорт хавдрын улмаас нэг хөлөө тайруулсан юм. Үүнээс хойш тэр пара спортын нэгэн томоохон төлөөлөл болсон билээ. Тэрбээр өмнө нь 2016 оны паралимпын олимпын хаалтын ёслолд оролцож байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
