Оросын хориг арга хэмжээнүүдийг цуцалсан Трампын шийдвэр Зеленский болон АНУ-ын хууль тогтоогчдыг хилэгнүүлэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүчин төгөлдөр болохоос нь хоёр хоногийн өмнө Оросын эсрэг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан олон тооны хориг арга хэмжээнүүдийг цуцалжээ.
Эдгээр хориг арга хэмжээнүүдийг Конгресс баталж, есдүгээр сард Трамп өөрөө гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байсан юм.
Гэвч тэр Баасан гарагийн орой эдгээрийн заримыг “АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцнэ” гэсэн үндэслэлээр түдгэлзүүлэх захирамж гаргасан нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Конгрессын хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Оросын дизель түлшийг импортлохоор тохиролцсоны дараа Вашингтон, Киевийн харилцаа муудсан юм. Үүний дараа Трампын засаг захиргаа тагнуулын мэдээлэл хуваалцах, хиймэл дагуулын харилцаа холбоогоор хангах зэрэг зарим дэмжлэгүүдээ зогсоосныг Украины тал мэдээлсэн.
Өнгөрсөн хугацаанд Трамп, Зеленский нар бие биеийнхээ эсрэг хатуу үгтэй мэдэгдлүүд хийсээр байгаа.
Тухайлбал Украины ерөнхийлөгч өчигдөр Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ "жинхэнэ удирдагчдын" дунд байх нь сайхан байгааг мэдэгджээ.
Өмнөх өдөр нь Трамп хэвлэлд ярихдаа “Зеленскийтэй харилцах нь Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойлголцохоос илүү хэцүү” хэмээн хэлж байв.
АНУ-ын шинэ хориг арга хэмжээний хууль нь Хятад, Энэтхэг зэрэг Оросын газрын тос, байгалийн хийн хамгийн том худалдан авагч таван улсын импортын бараанд 100 хувь хүртэлх татвар ногдуулах өргөн эрх мэдлийг ерөнхийлөгчид олгох байсан юм.
Мөн үүнд Путин зэрэг Оросын өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ, бас Оросын санхүүгийн байгууллагууд болон Москвагийн одоогийн хориг арга хэмжээг тойрч гарахад ашигладаг "сүүдрийн флот" гэгддэг хөлөг онгоцнуудын эсрэг хориг арга хэмжээ багтаж байлаа.
Гэтэл сая Трамп эдгээр заалтуудын ихэнхийг хүчингүй болгожээ.
Оросын ерөнхийлөгчийн тусгай элч Кирилл Дмитриев энэхүү чөлөөлөлтийг "үнэхээр чухал бөгөөд түүхэн мөч" гэж сайшаасан байна.
Сошиал хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ тэрбээр хориг арга хэмжээ нь АНУ болон дэлхийн зах зээлд "ноцтой хохирол учруулахаар" байсныг дурдаад эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр улсад ашиг тустайг онцолжээ.
Виржиниа мужийн Конгрессын гишүүн Дон Бэйер зэрэг Ардчилсан намын хууль тогтоогчид энэ алхмыг шүүмжилж, Москвад бууж өгч, Киевээс урвасан гэж Трампыг буруутгасан байна.
"Путинд бууж өгсөн Трампын энэ алхам нь манай Украины түншүүдээс урваж, Оросыг хууль бус түрэмгийллийнх нь төлөө шийтгэх зорилготой Конгрессын хууль тогтоомжийн тодорхой зорилгыг үгүйсгэж байна" гэж Бэйер сошиал хуудсандаа бичжээ.
Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн мөн энэ алхмыг эсэргүүцсэн байна.
Трампын холбоотон, Техас мужийн сенатор Тэд Круз хэвлэлд ярихдаа Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцалсныг алдаа гэж нэрлээд "ерөнхийлөгч ийм зүйл хийхийг би хүсээгүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр дизель түлшний үнийг шийдвэрлэх өөр аргууд байгааг нэмж хэлээд "одоогийн зам харамсалтай нь зөвхөн Путинд ашигтай бөгөөд тийм ч сайн санаа биш" гэж мэдэгдсэн байна.
Техас мужийн сенатор Жон Корнин сошиал хуудсандаа “Украины асуудал дээр Путинд туслах нь болгоомжгүй хэрэг. Тэр Украинаар зогсохгүй, манай НАТО-гийн холбоотнууд дараагийн бай байх болно" гэж бичжээ.
Умард Каролина мужийн сенатор Том Тиллис үүнийг "хариуцлагагүй байдал хэрээс хэтэрсний илрэл" гэж нэрлээд, хориг арга хэмжээний тухай хууль тогтоомжийг хоёр намын дэмжлэгтэйгээр, олонхын саналаар баталсан бөгөөд ердөө 11 сенатор л эсрэг санал өгч байсныг онцолсон байна.
Трамп "Владимир Путинд туслах биш, харин Ираны асуудлыг шийдвэрлэснээр" эрчим хүчний үнийг бууруулж чадна гэж үзэж байгаагаа тэр илэрхийлжээ.
Небраска мужийн төлөөлөгч Дон Бэкон үүний хариуд Трампын хөтөлбөрийг санхүүжүүлэхээс татгалзах асуудлаар олон хууль тогтоогчидтой хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Бямба гарагийн өглөө Зеленский шинэ хориг арга хэмжээ нь "энэ дайныг зогсоохын тулд Орос улсад үнэхээр үр дүнтэй дарамт үзүүлэх байсан юм" хэмээн харамслаа илэрхийлжээ.
Тэрбээр сүүлийн өдрүүдэд Украины хэд хэдэн бүс нутагт цахилгаан тасалдахад хүргэсэн 15 эрчим хүчний байгууламж Оросын агаарын цохилтод өртсөнийг дурдаад "Орос улс өвлөөс өмнө Украиныг цахилгаангүй болгохыг оролдож байна" гэж хэлсэн юм.
Зеленский "Америк хүн бүр юу болж байгааг газар дээр нь харах чухал байна" гэж хэлжээ.
Тэрбээр дараа нь сэтгүүлчидтэй уулзахдаа Трампын засаг захиргаа Оросын эсрэг илүү олон хориг арга хэмжээг цуцалж болзошгүй байгааг анхааруулсан юм.
Ямартай ч Украины хэлэлцээрчид Баасан гарагт АНУ-ын түншүүдтэйгээ ярилцаж, хоёр баг ирэх долоо хоногт уулзахаар болсныг тэр энэ үеэр мэдээлжээ.
Ирэх сард болох Конгрессын завсрын сонгуулиар олонхын суудлаа алдаж болзошгүй болсон Трамп эрчим хүчний үнийн өсөлтийг өөрийн өдөөсөн Ираны дайнтай холбоогүй, харин Оросын газрын тосны үйлдвэрүүдийг онилсон Украины цохилтоос болсон гэдэгт америкчуудыг итгүүлэхийг зорьж байгаа.
Тэрбээр энэ үндэслэлээр Оросыг хориг арга хэмжээнээс чөлөөлж, АНУ-д дизель түлш нийлүүлэх боломжоор хангасан шийдвэрээ зөвтгөж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
