Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Япон улс Энэтхэг, Их Британийн ард орж, дэлхийд зургаадугаарт жагсана

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн таамаглалаар 2027 онд Энэтхэг болон Их Британи улсууд Японыг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээгээр гүйцэж түрүүлэх бөгөөд үүний улмаас Япон улс дэлхийд эзлэх байр сууриараа дөрөвдүгээр байрнаас зургаадугаар байр руу ухрах төлөвтэй байна.

2023 оноос хойш Япон улс АНУ, Хятад, Германы дараа дөрөвдүгээр байрт бичигдэж ирсэн юм.

Энэ сарын эхээр нийтлэгдсэн ОУВС-гийн "Дэлхийн эдийн засгийн төлөв" (World Economic Outlook) тайланд дурдсанаар Японы нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 2026 онд $4.3419 их наяд, 2027 онд $4.4676 их наядад хүрэх төлөвтэй байна. Эдгээр тооцоолол нь хоёр жилийн аль алинд нь 1 иен $158-той тэнцэх ханш дээр үндэслэжээ.

Харин Энэтхэгийн ДНБ-ий хэмжээ 2027 онд $4.5211 их наяд хүрч, дэлхийд зургаадугаар байрнаас дөрөвдүгээр байр руу дэвших төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сард гаргасан улирлын тайландаа Их Британийг 2029 онд Японыг гүйцэж түрүүлнэ гэж ОУВС таамаглаж байсан бол одоогийн шинэчилсэн таамаглалаар 2027 онд Их Британийн ДНБ-ий хэмжээ $4.4889 их наядад хүрэхээр тооцоолжээ.

Японы эдийн засгийн бодит өсөлт 2026 болон 2027 онуудад 0.7 хувьтай байх төлөвтэй байгаа бол Энэтхэгийн эдийн засаг тухайн хоёр оны санхүүгийн жилд 7 хувиар өсөх хүлээлттэй байна. Тайланд дурдсанаар "дотоодын эрэлт хэрэгцээ тогтвортой, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхтэй" байгаа нь Энэтхэгийг "хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засгуудын нэг" хэвээр байлгахад нөлөөлсөн гэнэ.

Мөн тайланд Их Британийн эдийн засаг 2026 онд 1.3 хувь, 2027 онд 1.2 хувиар өсөх магадлалтайг мэдээлжээ.

Япон улс удаан хугацааны турш дэлхийд хоёрдугаар байрыг эзэлж байсан ч Хятад улсын хурдацтай өсөлтийн улмаас 2010 онд гуравдугаар байр руу ухарч, улмаар 2023 онд Герман улсад байр сууриа алдан дөрөвдүгээр байр руу шилжсэн юм.

 

Эх сурвалж: Kyodo News